Азийн хөгжлийн банк Монгол Улсын хувийн хэвшлийн салбарт анхаарал хандуулан ажиллана
2023.06.14

Азийн хөгжлийн банк Монгол Улсын хувийн хэвшлийн салбарт анхаарал хандуулан ажиллана

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захиргаа, корпорацын удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч Брюс Госперыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хийж буй дотоод үйл ажиллагааны шинэчлэлийн талаар хэлэлцлээ. Тус банк  нь Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ, шаардлагуудад дасан зохицож илүү үр дүнтэйгээр ажиллах, хөгжиж буй гишүүн орнуудтайгаа ойр ажиллах зорилготойгоор энэхүү шинэчлэлийг хийж байгаа аж.

Цаашлаад энэ үйл ажиллагааны шинэ загварыг хэрэгжүүлснээр Азийн хөгжлийн банкны стратеги 2030-д хүрэхэд илүү дөхөм болох талаар ноён Брюс Госпер онцоллоо.

Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа 2050 болон дунд хугацааны хөгжлийн бодлого Шинэ сэргэлтийн бодлогуудын талаар санал солилцож АХБ-наас хувийн хэвшлийн салбарт онцгойлон анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм.