Баянгол дүүргийн 20 сургууль, 15 цэцэрлэг "Тийбол" спортын сэт хэрэглэлтэй боллоо
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Анан хотын захиргаанаас Монголд Тийболын спортыг хөгжүүлэхэд зориулж, 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийв. Уг хөрөнгө оруулалтаар дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургууль, 15 цэцэрлэгт спортын сэт хэрэглэлийг гардуулан өглөө.
Сэт хэрэглэл гардуулах арга хэмжээнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Японы Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваучи Широ, Японы Анан хотын дарга Омотэхара Тацүма, Монголын Тийболын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн дарга М.Сугарсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Арга хэмжээний үеэр Уран хөдөлгөөнт гимнастикийн дүүргийн 14, нийслэлийн гурван удаагийн аварга 157 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд үзүүлбэр үзүүлэв. Мөн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагчид Тийболын үзүүлэх тоглолт толилууллаа. Үзүүлэх тоглолтын үеэр Япон Улсаас хүрэлцэн ирсэн зочид, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүтэй хүмүүс Тийбол тоглосон юм.
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Миний бие хүүхэд хамгаалал болон хүүхдийг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч, энэ чиглэлд хийгдэж буй санал санаачилгыг үргэлж дэмжиж ажилладаг. Тиймээс хүүхдийн бие бялдрыг зөв хөгжүүлэх, багаас нь бусдыг хүндлэх, багаар ажиллах, ялагдал, хожигдлыг зөв талаас нь ойлгож мэдрэх зэрэг чадварыг суулгахад хамгийн чухал суурь болсон Тийбол спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа билээ. Цэцэрлэгийн насны болон бага, дунд ангийн хүүхдүүд багаар ажиллах хүүхдэд ээлтэй спорт дутмаг байдаг. Тийболын спорт үүнийг нөхөж байгаа нь маш том давуу тал гэж харж байна” хэмээн онцоллоо.
Манай улсад 2019 онд Монголын Тийболын үндэсний холбоог үүсгэн байгуулж, уг спортыг хөгжүүлж эхлээд буй. Баянгол дүүргийн хувьд нийслэлийн 9 дүүргийн түүчээ болж, Тийболын спортын сургагч багшийг бэлтгэн, баг бүрдүүлж дугуйлан хичээллүүлж, цаашид нийслэл төдийгүй тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцох боломж нээгдэж байна.