2023.04.27

Н.Энхболд: Хуулиар хориглосон мэдээллийг олон нийтийн сүлжээгээр зарлаж байгааг хэрхэн зохицуулах вэ

УИХ-ын 2023,04,27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Сүүлийн үед нийгэмд асуудал учруулаад байгаа зүйл бол аливаа эрүүгийн хэргийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр урьдчилан хуулиар хориглосон мэдээллүүдийг тарааж, уур амьсгал бүрдүүлээд нийгмээр яллуулдаг байдал. Хамгийн ноцтой нь эргээд шүүхээр хараат бус байдлаар ажиллахад хүндрэл, дарамт учруулж байна гэж ярьж байгаа. Үүнийг хэвлэл мэдээлэлд гарсан сургаар, хүмүүсийн яриагаар биш бид нар байнгын хороод, тусгай хороодын шугамаар хууль хяналтын байгууллагуудтай ярьж байхдаа тодруулж асууж байсан.

Яагаад урьдчилаад мэдээ гараад байдаг юм бэ. Хуулиар хориотой байдаг. Цаас нь хүн дээр өөрөө хийсээд оччихгүй шүү дээ. Хэвлэл мэдээллийн, сүлжээний хүмүүст оччихоод тэр нь ийм байдал үүсгээд байна. Үүнийг яагаад илрүүлж чаддаггүй юм бэ. Хуулиар хориотой мэдээлэл дотроосоо гараад байгаад хариуцлага тооцож чадахгүй байгаа асуудлыг удаа дараа тавьж байсан. Уг асуудалд анхаарах хэрэгтэй байна. Прокурорын зүгээс хууль хяналтын байгууллага ялангуяа мөрдөн байцаах газар явж байгаа үйл ажиллагаанд тавьдаг хяналтыг сайжруулах шаардлагатай гэж харагдаад байгаа юм. Олон хүн хуучин тогтолцоог нь сэргээх хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Илрүүлж чадахгүй байна гэдэг нь дотроо учиртай. Хөндлөнгөөс хяналт тавьж үүнийг илрүүлэхгүй бол болохгүй байна гэсэн уур амьсгал их явдаг. Үүн дээр комисс, байнгын хороо ямар бодолтой байна. Юу гэж ярьсан бэ?

Хэрэв илрүүлж чадахгүй буй бол хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нь хариуцлага тооцож болохгүй байна уу гэхээр мэдээллийн эх сурвалжаас эхлээд сэтгүүлчдийн эрхэнд халдсан болчих гээд байдаг. Хуулийн зохицуулалт тааруухан гэж хэлдэг. Уг асуудалд ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ тал дээр комисс, байнгын хорооны хооронд ямар яриа болсон бэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.