Японы ГХЯ Хятад улсыг "стратегийн хамгийн том сорилт" хэмээн тодорхойлов
2023.04.12

Японы ГХЯ Хятад улсыг "стратегийн хамгийн том сорилт" хэмээн тодорхойлов

ТОКИО. /RT/. Японы Гадаад хэргийн яам жил тутам гаргадаг гадаад бодлогын Хөх номдоо Хятадын талаарх үг хэллэгээ анх удаа хатуу ширүүн болгож, тус улсын гадаад бодлого, цэргийн хөгжлийг "стратегийн хамгийн том сорилт" хэмээн тодорхойлжээ.

Өнгөрсөн оны баримт бичигт Японы эрх баригчид Хятадын үйл ажиллагаа нь "аюулгүй байдлын хувьд ноцтой болгоомжлол үүсгэж байна" хэмээн тодорхойлж байв.

“Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт улс төр, эдийн засгийн төдийгүй цэрэг зэвсгийн бодлогоор нөлөөгөө бэхжүүлсэн. Хятад улсын өнөөгийн гадаад бодлого, цэргийн талаар баримталж буй чиг хандлага нь Япон болоод олон улсын хамтын нийгэмлэгийн дунд ихээхэн болгоомжлол төрүүлж, стратегийн том сорилт болж байна” гэж уг баримт бичигт онцлон тэмдэглэжээ. 

Түүнчлэн "Хятад улс цэргийн хүчээ эрчимтэй зузаатгаж байгаагийн хариуд Японы Засгийн газар дэлхийн зэвсэглэлд хяналт тавих, зэвсэг хураах асуудлаар ил тод, бүтээлч хамтын ажиллагааг хангах зорилгоор найрсаг орнуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна" хэмээн тэмдэглэсэн байна.

“Дипломат үйл ажиллагааны хөх ном” нь Японы Гадаад хэргийн яамнаас жил бүр гаргадаг тайлан бөгөөд тухайн жилд дэлхийн улс орнуудтай өрнүүлэх харилцаа, тус улсыг тойрсон олон улсын байдлын өөрчлөлт хувиралт, түүнд баримталж буй бодлогын чиг хандлагыг тайлбарласан байдаг.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn