С.Баатарзул:
Боловсролын салбарт реформ хийхдээ нийгмийн амин сүнсийг босгон байгуулахад чиглэх ёстой
Боловсрол бол нийгмийн амин сүнс гэсэн эшлэл бий. Зайлшгүй эзэмших ёстой ур чадвар болон нийгмийн боловсролд тулгамдаж буй асуудлаар Ерөнхий боловсролын “Гэрэлт ирээдүй” сургуулийн дэд захирал С.Баатарзултай ярилцлаа.
-Боловсрол бол нэлээн өргөн хүрээнд яригдах чухал асуудал. 21-р зууны боловсрол тэр дундаа Монгол улсын боловсролын салбар ямар байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.
21-р зуун гараад 20 жил өнгөрчээ. Тэгвэл энэ зуунд амьдрах иргэд ямар мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, ямар мөн чанартай иргэд байх хэрэгтэй вэ гэдэг асуудлыг ярьж байна. Энэ зууны иргэдийн эзэмших шаардлагатай мэдлэг, ур чадварыг Монгол хүнд суулгах ёстой гэж үзээд Боловсролын яам болон энэ салбарын мэргэжилтнүүд маш эрчимтэйгээр хүч шавхан ажиллаж, хөдөлмөрлөж байна. Бид дэлхийн боловсролын системээс төдийлөн хоцроогүй гэж миний хувьд харж буй. Зөвхөн Монголд ч гэлтгүй 21-р зууны иргэнийг ямар иргэн болгож бэлтгэх вэ гэдэг асуудал дэлхий даяар өргөн хүрээнд тавигдаж байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн форумаас 21-р зууны иргэн сурч, боловсрохдоо ямар ур чадваруудыг эзэмшсэн байх ёстой вэ гэдэгт “4С skills” буюу “4С ур чадвар” гэдэг томьёоллыг гаргасан. Энэ нь creativity skill-бүтээлч чадвар, communication skill-харилцааны чадвар, collaboration skill-хамтран ажиллах чадвар, critical thinking skill-шүүмжлэлт сэтгэлгээ буюу эргэцүүлэн бодох чадвар гэсэн 4 төрлийн ур чадварууд юм. Мэдээж академик мэдлэг эзэмших ёстой. Гэхдээ ганц академик мэдлэгээр 21-р зуунд өрсөлдөх чадвартай иргэн болох боломжгүй гэсэн томьёолол гарсан гэсэн үг.
Учир нь технологийн дэвшил, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед амьдрах иргэдэд дээрх ур чадварууд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм. Эдгээр чадварыг 21-р зууны иргэд эзэмших ёстой бол үүнийг олгох сургалтын систем, арга зүйг хэрэгжүүлэх шаардлага ч мөн урган гарч ирнэ. Үүнд чиглэсэн олон шинэлэг арга зүй дэлхий даяар хэрэгжиж байна. Монголд ч мөн эдгээр сургалтын арга зүйг нэвтрүүлээд эхэлсэн.
Ялангуяа олон улсын боловсролын институциудын боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудын хувьд тухайн хөтөлбөрт нь эдгээр арга зүйг шингээж оруулж өгсөн байдаг. Тиймээс олон улсын хөтөлбөртэй сургуулиуд 21-р зууны ур чадварыг хүүхдэд олгох тал дээр арай түрүүлж алхаж байна гэж хэлж болох юм. Энэ нь Монголын боловсролын салбарт 21-р зууны боловсрол ямар байх талаар маш том хичээлийг зааж байна.
Үүнээс зөвхөн тэр сургуулиуд суралцаад зогсохгүй, бусад сургуулиуд хүртэл дэргэдээс нь хараад олон зүйлийг сурч байна. Багш, сурагчид ч үүнээс суралцаж байгаа. Зөвхөн олон улсын сургуулиуд ч гэлтгүй манай хувийн сургуулиудын сайн жишээнүүд ч бий. Жишээлбэл “Томужин” “Хүмүүн” сургуулиуд өөрсдийн боловсруулсан “Elf” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрийн нэг онцлог нь дээрх ур чадварыг олгодог арга зүйнүүдийн нэг болох “Төсөлд суурилсан суралцахуй” буюу Project-Based-Learning /PBL/ гэх дэвшилтэт арга зүйг нэвтрүүлсэн явдал юм.
Мөн манай сургуулийн хувьд энэ хичээлийн жилээс эхлээд БНСУ-ын “Dreamy” сургуультай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Төсөлд суурилсан суралцахуй” буюу “project based learning” /PBL/ арга зүйг өөрсдийн сургалтандаа нэвтрүүлээд явж байгаа юм.
-Энэ арга зүйг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл байна уу. Мөн өгөх үр дүн, өгөөж нь юу байна вэ?
Бид уламжлалт академик сургалтын арга зүй дээрээ нэмж төсөлд суурилсан суралцахуйн арга зүйг /PBL/ нэвтрүүлэхэд багш, сурагч маш их ачаалал авч эхэлсэн. Манай улсад хэрэгжиж буй цөм хөтөлбөрийг суралцахуйн арга зүйтэй хослуулахад бүрэн зохилдолгоотой болж чадахгүй л байна.
Ер нь манай цөм хөтөлбөр маш их ачаалалтай, агуулга ихтэй. Бид өнгөрсөн 9 дүгээр сараас эхлээд Монгол сурах бичгийг Солонгос сурах бичигтэй харьцуулан харлаа. Ингэхэд Монгол сурах бичгийн агуулга Солонгос сурах бичгийн агуулгаас 20-50% их агуулгатай байсан. Манайх агуулгыг их шахаж өгдөг. Бараг хичээл болгондоо шинэ агуулга үзэхэд хүрч байна.
Гэтэл тэр агуулгуудыг хүүхэд хэзээ тогтоож, өөрийн болгож, хэрэгжүүлэх вэ? Багш яриад л байдаг. Самбар дээр бичээд л, дэлгэцээр слайд үзүүлээд л байдаг. Хүүхдүүд бичдэг, сонсдог. Өмнөх зүйлээ ойлгож өөрийн болгож эзэмшиж амжаагүй байтал дараагийн шинэ агуулга орж ирдэг. Тэгэхээр үүнийг яаж зохицуулах, ачааллыг зөв хуваарилах вэ гэдэг чухал. Мөн үүнээс илүү чухал зүйл нь олж авсан мэдлэгээ ашиглаж сурах явдал юм. Үүнийг хэзээ, яаж олгох вэ?
Монгол хүн оюуны чадавхаараа дэлхийд 12-р жагсдаг. Үнэхээр өндөр оюуны чадавх, чадвар, оюуны потенциал, өгөгдөлтэй. Гэвч өрсөлдөх чадвараараа дунджаас хойгуур, өөрсдийн сурсан, мэдсэнээ амьдралд хэрэглэх чадвараараа дунджаас доогуур ордог. Энэ нь бид байгаа онож чадахгүй байна гэсэн үг л дээ. Тэгэхээр бид сургалтын системээ, тэр дундаа сурах бичгийн агуулга, ачааллаа эргэж харах хэрэгтэй болж байгаа юм.
Солонгос улсын сургалтын систем дэлхийд дээгүүр ордог биш шүү дээ. Нэлээн ачаалалтай, хүүхдийг ядраадаг системүүдийн нэг гэж тооцогддог. Гэтэл манай улсын сургалтын систем тэр улсын системээс илүү хүүхдийг ядраадаг, залхаадаг болж таарч байна. Түүнчлэн Солонгос сурах бичгийн үгийн сонголт, бичилт, өгүүлбэрийн бүтэц нь хүүхдийн сонирхлыг өдөөсөн, сурах хүсэл эрмэлзэлд хөтөлж дурлуулахаар хэмжээнд бичигдсэн байна.
Харин Монгол сурах бичиг академик хэллэг ихтэй, нэлээд уйтгартай байна. Тэгвэл ийм сурах бичиг уншиж байгаа хүүхдүүд яаж тухайн сэдэв, тухайн хичээлд дурлах вэ? Ийм сурах бичиг барьчихаад багш нар маань хүүхдүүдээ яаж уг хичээлд дурлуулах вэ? Багш нарынхаа сэтгэл зүтгэл, ур чадварт талархъя. Тиймээс сурах бичиг боловсруулж буй баг, эрдэмтэд үүнд анхаараасай гэж хүсэж байна.
Ийм л нөхцөлд багш нар маань маш их хүч хөдөлмөр гаргаж, ачаалал авч хүүхдүүддээ хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Гэвч ингэж их зүтгэж, хүч шавхан ажилласан ажлын маань үр өгөөж ямар байгаа бол? Хөдөлмөрлөөд зүтгээд л байдаг, гэтэл өгөхийг хүсэж байгаа тэр мэдлэгийг хүүхдүүд хэр авч байна гэдэгт анхаарах нь зүйтэй. Мөн бодит ур чадвартай, академик мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэж чадаж байна уу гэдэг чухал. Үүн дээр нэлээн сэтгэл зовж байгаа.
-Боловсролын ерөнхий хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Намрын чуулганаар хэлэлцэх төлөвтэй байгаа. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд уг хуулийн талаар ямар санал бодол, хүлээлттэй байна вэ?
Эл хуулийн төслүүдтэй миний бие танилцсан. Хуулийн хэлэлцүүлэгт ажиглагчийн үүднээс санал бодлоо илэрхийлсэн. Боловсролын багц хууль нэлээн реформын шинж чанартай шинэчлэлийг авч ирэх далайцтай хууль болно гэж харж байгаа.
Гэхдээ нэгэнт хуульд гар хүрч, шинэ сэргэлтийг авчрах реформ шинэчлэл хийх гэж байгаа учраас агуулгыг уг язгуураар нь ухаж хармаар санагдаад байгаа юм. 21-р зууны Монгол улс яг ямар байх вэ? Манайх Ардчилсан нийгэмтэй улс байх уу? Энэ замаараа цаашид ч явах уу? Зах зээлийн эдийн засаг гэж бидний нэрлэдэг энэ капиталист нийгмээрээ цаашдаа ч явах уу? Өнөөдөр манай нийгмийг бухимдуулж буй олон асуудлууд байна. Үүнийг та ч би ч бүгд харж байгаа. Нүүрсний хулгайнаас эхлээд авилга хээл хахууль, ёс зүй, хүн чанар гээд олон зүйл яригдаж байна. Тэгвэл үүнийг хэрхэн шийдэх вэ? Эдгээрийн уг үндэс нь хаана, юунд байгаа юм бол? Эдгээр асуултын хариултыг эрэн хайх ёстой юм.
Хэрвээ бид нар өнөөдөр боловсролын салбартаа реформ хийж, шинэ түвшинд аваачих гэж байгаа бол нэг мөсөн уг үндсийг нь хайж олоод, 21-р зууны Монгол хүнийг язгуур мөн чанараар нь сэргээн хөгжүүлэх өөрчлөлтийг хийх нь маргаашийн нийгмийг илүү их гэрэл, гэгээтэй болгох амин чухал ач холбогдолтой.
-Тэгвэл ийм нийгмийг бүтээхэд юу зайлшгүй хэрэгтэй юм бол? Боловсрол нийгмийн амин сүнс байхад боловсролтой гэж байгаа иргэд, хүмүүс яагаад асуудалд орооцолдож байна вэ?
Өнөөдрийн энэ нийгэмд ЁС ЗҮЙ гэдэг зүйл орхигдсон юм болов уу гэж би харж байна. Хэрвээ манай нийгмийн үнэт зүйл ёс зүй байсан бол, байгаа юм бол өнөөдөр нийгэм ямар байх бол.... гэж бодож үзвэл авлигал, хээл хахуулийн хэргүүд байх уу... Эдгээрийг мэдлэг чадваргүй хүмүүс хийсэн гэж бодохгүй байна. Санхүү, авлигын пирамид тогтолцоог мэддэггүй, чадваргүй хүн хийж чадахгүй. Бид хүүхдүүддээ зөвхөн мэдлэг, ур чадварыг гол төв болгож явбал амиа бодсон, хувиа хичээсэн хүмүүс л гарч ирнэ.
1776 онд Адам Смит “Үндэсний баялаг” бүтээлдээ “үл үзэгдэх гар” гэх том онолыг бий болгосон. Энэ нь хүн болгон хувийн эрх ашиг, сонирхлыг эрэн хайх тэмүүлэл нь өрсөлдөөнийг бий болгож, үүнээс нийгэм хамтдаа өсөж хөгжсөнөөр хамтын ашиг, тус бий болж нийгмийг зөв зохилдолгоонд оруулж байна гэдэг үзэл санаа. Тухайн үедээ маш их шинэчлэлийг авчирсан дэвшилтэт үзэл санаа байсан. Тэрнээс хойш олон үзэл санаанууд гарч ирсэн. Эдгээрээс Монголчуудын маш их нөлөөлөл авсан үзэл санаа нь Карл Марксын “Марксист” үзэл санаа юм. Тэрээр диалетик материализмыг маш хүчтэй гаргаж ирсэн. Түүхийн материализм гэж ч нэрлэдэг. Карл Маркс уг үзэл санаандаа хүмүүс хоорондын нийгмийн гол харилцааны эх үндэс эдийн засгийн харилцаа юм гэж томьёолсон.
Энэ үзлийн дагуу эдийн засгийн харилцаа буюу капитал гэдэг зүйл хүн хоорондын харилцааг шууд тодорхойлж байна. Тэгэхээр нийгмийн үнэт зүйл нь юу болж хувирах вэ? Эдийн засаг буюу санхүүгийн харилцаа болж хувирах гээд байна. 1940-өөд оноос Монгол улс марксист замаар тууштай явна гэж сонгосон байдаг. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд энэ үзэл санаа Монголчуудын уураг тархи, бодол сэтгэхүйд маш гүн суусан.
Өнөөдөр нийгэм дээр болж байгаа асуудлуудыг харахад нийгмийг хөдөлгөж яваа анги, хүмүүс сүүлийн 30 жил манай боловсролын системээс төрөн гарсан бүтээгдэхүүнүүд шүү дээ. Нийгэм маань зах зээлийн эдийн засаг руу шилжсэн боловч зах зээлийн эдийн засгийн амин сүнс нь юунд оршдог вэ гэдгийг олж харж чадсан уу үгүй юу? Тухайбал хүмүүс нийгмийн үнэт зүйлийг юу гэж харж байгаа бол? Марксизмаас бид нар ухарсан.
Энэ зам болохгүй нь ээ гээд эргэлт хийсэн боловч хүмүүсийн үнэт зүйл гэж харж байгаа, хоорондын харилцааг тодорхойлж буй зүйл эдийн засгийн харилцаа тэр чигээрээ л байгаа юм биш үү? Мөнгө, эрх мэдэл байвал бүх зүйл болно гэдэг энэ бодол сэтгэхүй манай нийгмийн амин сүнс болчихсон юм биш үү? Хүмүүс хоорондын харилцааны гол тулгуур нь эдийн засгийн харилцаа юм гэдэг энэ үзэл санаа яг тэр чигээрээ байгаа юм шиг харагдаад байгаа юм. Тэгвэл үүнээс Марксын тодорхойлсноор ангийн тэмцэл явагдах болох нь.
Капиталист замналаар дэлхийн олон улс, орнууд явж ирсэн түүхтэй. Тэгвэл тэр түүхийг харахад өдгөөгөөс 120 жилийн өмнө Германы социологич, философич сэтгэгч Макс Вебер “протестант ёс зүй бол капитализмын амин сүнс нь юм” гэж томьёолсон. Энэ үзэл санаа барууны ертөнцөд маш том нөлөө үзүүлсэн.
Тухайн цаг үед олон зуун жил барууны нийгмийг хөдөлгөж явж байсан католик шашны ёс зүй, уламжлал байгаа онохгүй байна гэж үзсэн учраас шашин бол хар тамхитай адилхан гэж Карл Маркс, Фридрих Энгельс нар тодорхойлсон. Ингэж эв хамтач нийгэм буюу коммунизм төрсөн. Нийгэм хөрөнгөтөн болон пролетари гэсэн 2 ангитай, эдгээр ангиудын ашиг сонирхол үргэлж хоорондоо зөрчилдөх тул “Ангийн тэмцэл” зайлшгүй юм гэж үзээд ийм ангигүй нийгмийг бүтээх мөн үүнд санал нэгдэхгүй, өөр бодолтой хүмүүсийг нийгмээс цэвэрлэх ёстой гэж үзсэн. Харин Макс Вебер Христийн протестант шашны ёс зүйг капиталист нийгмийн амин сүнс нь юм гэж үзсэнээр капитализмыг шинэ түвшинд аваачсан байдаг.
-Тэгэхээр бид нийгмийн үнэт зүйлээ гээсэн гэсэн үг үү?
Диалетик материализмын өнцгөөс авч үзвэл өнгөрсөн 70 жилийн коммунист замналаар замнасан тэр он жилүүдэд ямар бүтээгдэхүүнүүд гарч ирсэн бэ? Үндсэндээ итгэл бишрэлгүй, айх айдасгүй хүмүүс л бий болсон. Итгэл бишрэл, айх айдасгүй буюу бүх ертөнцийг удирдан жолоодож буй, намайг буруу зүйл хийвэл шийтгэх хүч байна гэдэгт итгэдэггүй хүмүүс.
Тэгвэл нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах бүхнийг үүтгэгч, бүхнийг удирдан жолоодогч тэр НЭГЭН байна уу. Түүнийг юу ч гэж нэрлэж болно. Бид нар Бурхан гэж хэлж болно. Аллах, Мөнх тэнгэр, Ертөнцийн эзэн гэж нэрлэж болно. Мөнх тэнгэр байгаа болов уу? Хэрвээ байгаа бол түүнээс хүн эмээнэ шүү дээ. Монголчууд эрт үеэсээ байгаа гэдэгт итгэдэг ард түмэн байсан. Түүхийн судар бичгүүдээ үзвэл бидний өвөг дээдэс Мөнх тэнгэрт залбирдаг байсан. Энд би 99 тэнгэр, бөө мөргөлийн талаар ярьж байгаа биш шүү. “Монотеист” буюу бүхнийг үүтгэгч төгс хүчтэй цор ганц НЭГЭН, Мөнх тэнгэр байна гэж итгэдэг үзэл санааны талаар ярьж байгаа юм.
Түүнээс эмээх, түүний тогтоосон дүрэм, журмыг биелүүлэн хүндэтгэн, даган явах зүйлийг Маркс Вебер энэ бол “протестант ёс зүй” гэж тодорхойлсон. Тэгвэл протестант ёс зүй гэж чухам юу ярьж байгаа вэ?
Үүнд юуны түрүүнд “чи хөршөө өөрийн адил хайрла” гэж зааж байна.
Гэтэл манай нийгэм өөрийгөө хайрла. Амиа бод. Мөнгө эрх мэдэл байхад бүгд болно. Тиймээс эрх мэдэлд хүрэхийн тулд, хөрөнгө мөнгөтэй болохын сайн боловсрол эзэмших ёстой гэж зааж байна. Түүнчлэн сайн боловсрол гэдгийг ойлгохдоо академик мэдлэг болон ур чадварын талаар л ярьж байгаа. Гэтэл үүний цаана төлөвшил хүмүүжил, ёс зүй гэдэг зүйл үндсэндээ орхигдож байна. Энэ зүйлийг бид нар бодох хэрэгтэй.
Протестант ёс зүй нь тухайн цаг үед барууны нийгэмд маш хүчтэй нөлөө үзүүлж байсан. Тэдний сургаалиудын нэгэн гол зүйл нь юу вэ гэхээр “чиний хийж байгаа ажил хөдөлмөр тэр бүх зүйл бол Бурханаас чамд өгсөн тэнгэрлиг дуудлага юм. Энэ бол ариун ажил үйлс. Тиймээс чи үүнийг өндөр ёс зүйгээр, Бурханд зориулан хамгийн сайнаараа хийх ёстой зүйл. Хэн ч хараагүй байсан ч Түүний хүсэл, таалалд нийцүүлэн хийх ёстой” гэж зааж сургаж байгаа юм. Манайд ийм зүйлийг харийн шашин ярьлаа гэдэг. Гэвч үгүй юм. Макс Веберийн “Протестант ёс зүй” гэж нэрлээд байгаа энэ зүйл бол зах зээлийн эдийн засгийн нийгмийн хүмүүнлэг энэрэнгүй мөн чанарыг нь цогцлоон барьж босгож байгаа гол амин сүнс, углуурга нь юм.
Тэгвэл нийгмийн амин сүнс, углуурга болж чадах “Ёс зүй” гэж юу вэ гэдэгт оновчтой тодорхойлолт хэрэгтэй. Үүнийг Макс Вебер “протестант ёс зүй” буюу дээр хэлсэн зүйлүүд юм гэж тодорхойлсон. Харин бид юу гэж тодорхойлох вэ? Энэ бүхнийг манай боловсролын яам, бодлого тодорхойлогчид олж хараагүй гэж би бодохгүй байна. Манай социологич, нийгэм судлаач, улс төрч, бодлого боловсруулагчид үүнийг олж харсан.
-Яаж олж харсан гэж та үзэж байна?
“Шашны ёс зүй” хэрэгтэй гэж харсан. Ингэж үзсэн учраас “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийг ерөнхий боловсролын системд оруулж ирсэн байх. Энэ хичээл 1-12-дугаар ангид заавал судлах ёстой хичээл буюу долоо хоногт 2 цагаар ордог. Бага ангид “Монгол ёс хүмүүжил”, дунд ахлах ангид “Иргэний ёс зүйн боловсрол” гэдэг нэрээр орж байна. Хичээлийн агуулгад монгол ёс уламжлал орсон байгаа.
Мэдээж энэ бол зайлшгүй орох ёстой. Гэвч үүнээс гадна монгол ёс уламжлал гэдэг нэр дор шарын шашны зүйл мөн орсон байдаг. Шашны ёс зүй бол байх ёстой гэдгийг хүн төрөлхтөн туулсан замаараа олж ухаарсан. Бид хүмүүнлэг, энэрэнгүй хамтын нийгэм байгуулахын тулд шашны ёс зүйг хүүхдүүддээ заах ёстой юм бол яагаад боловсролын хуульдаа шашны сургалт байж болохгүй гэж заасан бэ гэдэг асуудал энд хөндөгдөнө.
Үүнийг боловсролын ерөнхий хууль дээр маш тодорхой зааж өгсөн. Шашны сургалт, зан үйл, үйл ажиллагааг боловсролын байгууллагад хориглоно гэж. Гэтэл хичээл дотор нь шашны сургалт орсон байна. Баруунаас үлгэр, дуурайлал авч бид энэ системийг хуулан авсан. Гэтэл барууны гэгдэх тэдгээр улс орнууд яагаад шашны сургуулиуд, сургалтыг хуулиараа хүлээн зөвшөөрч нэвтрүүлдэг юм бол?
Тэд нар шинжлэх ухаан бол шашнаас ангид зүйл юм гэсэн тунхаглалыг ойлгодоггүй хүмүүс юм болов уу? Би тэгж бодохгүй байна. Тэд ойлгодог. Үүнийг түүхээрээ туулаад гараад ирчихсэн. Харин нийгмийн гол ноён нурууг нь босгон барьж байдаг “ёс зүй” хэмээх энэ амин чухал зүйлийг шашнаас илүү зааж, сургаж чадах субъект огт байхгүй юм байна гэж үзсэн хэрэг шүү дээ.
Тэгвэл шашны ёс зүй гэдэг зүйлийг бид заах хэрэгтэй бол яагаад зөвхөн шарын шашныг заах ёстой гэж? Үндсэн хуулиндаа бүх шашныг ялгаварлахгүй гэж заасан байдаг. Өнөөдөр Монголд Христэд итгэдэг хэчнээн хүн байгаа бол? Хэчнээн хүн Исламын шашинтай бол? Тэр хүмүүс Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэх мэт олон улсын гэрээнд заасан эрхээ эдлэх эрхтэй.
Яагаад хүүхдэдээ зөвхөн шарын шашин заалгах ёстой гэж? Бид хумхын тоосноос үүдэн бий болоод санамсаргүй устан үгүй болох нэгэн юм уу? Эсвэл анхнаасаа хэн нэгэн бүтээгчийн төлөвлөж, ур ухаан, хайраа шингээж агуу зорилгыг амьдралд нь өгч бүтээсэн онцгой бүтээл юм уу?
Яагаад хүүхдүүд үүний талаар эргэцүүлэн бодох, сурах судлах эрхгүй юм бэ? Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид нийгмээ өөрчилсөн боловч шинэ нийгмийнхээ гол амин сүнсийг орхигдуулсан гэж харж байна. Тэр тусмаа боловсролын салбарт. Боловсролын салбарт хүн үзэл бодлоо төлөвшүүлэн бий болгодог. Гэтэл тэр талбарт академик мэдлэг, ур чадвар эзэмших, нийтлэг ёс зүйг баримтлах хэрэгтэй гэж л заадаг.
Харин бодит байдалд Монголын нийгэмд ёс зүй гэдэг зүйл алдагдчихаад байна шүү дээ. Ёс зүйг үгүйлэн санаж байгааг хүн болгон ярьж байна. Тухайлбал сүүлийн жилүүдэд багшийн ёс зүйн талаар хөндөгдсөөр. Хуульч Нарангэрэл гуай ч мөн манай нийгэмд ёс зүй гэдэг зүйл орхигдож, үгүйлэгдэж байна гэж халаглаж нийтлэл бичсэн байна лээ.
-Тэгвэл ёс зүйтэй иргэн, нийгмийг бүтээхэд яах хэрэгтэй вэ?
Бид хэчнээн авлигатай хуулийн замаар тэмцээд, хуулиа чангатгалаа гээд энэ асуудлыг үнэхээр үр нөлөөтэй, уг углуургаар нь дорвитой шийдэж чадах болов уу? Миний харж байгаагаар хүний өдөөгч үндсэн зүйл, ертөнцийг үзэх үзэлд нь нөлөөлөл үзүүлэхгүйгээр олигтой үр дүнд хүрэхгүй гэж бодож байна.