С.Бямбацогт: 2024 оны эхээр Улаанбаатараас АНУ-ын хотууд руу шууд нислэг үйлдэх боломж бий болж байна
2022.12.07

С.Бямбацогт: 2024 оны эхээр Улаанбаатараас АНУ-ын хотууд руу шууд нислэг үйлдэх боломж бий болж байна

Зам тээвэр, хөгжлийн сайд Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийг хүргэлээ.

Сайд С.Бямбацогт "Зам тээврийн бодлого, үйл ажиллагаатай холбоотой хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, АНУ-тай "Open sky" агаарын тээврийн хэлэлцээр байгуулахыг дэмжсэн. Хэлэлцээр байгуулагдсанаар АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэнэ. Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш нэг орчим жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай.

2024 оны эхээр Улаанбаатараас АНУ-ын хотууд руу шууд нислэг үйлдэх боломж бий болно.

2019 онд АНУ, Монгол Улсын хооронд зорчиж байсан иргэдийн тоо 60,000 орчим байсан бөгөөд нийт 40 орчим сая ам.долларын зардал гаргаж зорчдог байсан.

Монгол Улс холын зайд нисэх хүчин чадалтай долоон онгоцтой байсан бол есдүгээр сараас хойш дөрвөн онгоц нэмэгдсэн. Тодруулбал, МИАТ Боинг-767, Монголиан эйрвис компани Аэробус-330200, 320200 маркийн хоёр онгоц, Изинис компани ачаа тээврийн нислэгийг АНУ руу үйлдэх чадвартай онгоцтой болсон.

2023, 2024 онд Монголд ирэх жуулчдыг хямд зардлаар авах бодлого барьж байгаа.

Ирэх хавраас БНСУ-ын Инчеоноос Монгол руу долоо хоногт 70 нислэг хийдэг болно. 

Үүний дараа Австрали руу шууд нислэг хийх боломжийг олгоно. Монголиан эйрвис компани Сингапур руу шууд нислэг хийх зөвшөөрлөө авсныг хэлье" хэмээн мэдээллээ.