Нийтийн тээврийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ
Хүний томуугийн шинэ халдварын үед ч хамгийн түрүүнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан салбарын нэг нь нийтийн тээвэр юм. Он гарсаар эрс хүйтэрч байна. Засгийн газрын 03 дугаар албан даалгавар, УБ хотын Ерөнхий менежрийн 190 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийтийн тээврийн газрын даргын тушаал гарч салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг тогтоолоо. Цаг агаарын эрс хүйтрэлтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах, гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2010 оны 02-р сарын 15-ныг хүртэлхи хугацаанд нийтийн тээврийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болно.
Цаг агаарын эрс хүйтрэлийн үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиснээр хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийг томилон ажиллуулж, энэ үйлчилгээг эрхэлдэг төрийн ба хувийн хэвшлийн 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлага, сахилгыг өндөржүүлэн хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлэх юм. Үүнд харицлагатай жижүүрүүд шугамын үйлчилгээний явц болон оройн буултанд давхар хяналт тавьж, шугамын үйлчилгээнд явж байгаа унтарч зогссон тээврийн хэрэгслүүдийн шалтгааныг тогтоох, бусад шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах үүргийг гүйцэтгэнэ. Мөн салбарынхаа аж ахуйн нэгжүүдтэй байнга холбоотой байхаас гадна хальтиргаа гулгаа ихтэй зам, буудлын талаархи мэдээллийг авч арилгах ажлыг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудтай хамтран зохион байгуулна. Үйлчилгээнд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд зорчигчдод ая тухтай хэвийн үйлчлэх бүх нөхцлийг бүрдүүлэхийн тулд инженер техникийн ажилтнууд, жолооч кондукторуудынхаа сахилга хариуцлагыг өндөржүүлнэ. Үйлчилгээнд гарахын өмнө жирийн үед мөрддөг цагийн хуваариас 15-20 минутын өмнө ирж техникийн бэлэн байдлыг шалгуулах, оройн буултынхаа дараа мөн техникийн хяналтаараа орж дулаан гаражид тээврийн хэрэгслээ тавих ажлыг жигдрүүлж хэвшүүлэх ажил эхлээд байна. Хэрвээ шугаманд гарсан автобус троллейбус эвдэрсэн тохиолдолд оронд нь ажиллуулах 3-4 бэлтгэл тээврийн хэрэгслийг байнга бэлэн байлгах, шатахуун тослох материалын хангалттай нөөцийг бий болгохыг Нийтийн тээврийн газраас автобус паркуудад үүрэг болгоод байна. Өдөр тутам нийтийн тээврийн үйлчилгээнд 650 их багтаамжийн автобус, 1200 орчим бага оврын автобус ажиллаж байна.