2022.10.25

Г.Дамдинням:Дарханы арьс ширний цогцолборын ажлын явц ямар шатанд явж байна вэ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022.10.25/ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

2020 оны Их хурлын сонгуулийн намын мөрийн хөтөлбөрт Дарханы арьс ширний цогцолбор байгуулах тухай тусгасан. Мөн Монгол улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагаанд тусгасан ажил. Эхлээд хувийн хэвшил аваад явж байсан ажил юм билээ. Сүүлд төрийн өмчийн аж ахуйн нэгж аваад таг алга болчихлоо. Энэ ажил ямар шатандаа яваа юм бэ? Хөдөө аж ахуйн яам яагаад үүнд анхаарахгүй байна вэ. Танай хийж байх ёстой ажил. Төсөв дээр харагдаж буй зүйл алга. Энэ асуудалд танай яам юу хийж байгаа юм бэ? Чадах юм уу, чадахгүй юм уу?

Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал Ерөнхийлөгчийн түвшинд яригдаад улс орон даяар тогтоол гаргаад ажиллаж байна. Дотооддоо хүнсний хэрэгцээгээ бүрэн хангая гэсэн зорилт тавьсан. Монгол улсын Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн Орхон суманд очиж ажилласан. Ажиллахдаа хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд төмс, хүнсний ногоог хадгалах зоорины асуудлыг чухал гээд 1000 тоннын зоорь Польшийн засгийн газрын тусламжтайгаар барина гэдэг шийдвэрийг хэлсэн. Энэ ажлын араас танай яам хөөцөлдөж байна уу? Энэ ажил хэзээ хэрэгжих юм.