Ж.Хунан:
Улсын төсөв болон төрийн бодлого хүний эрхэд суурилах ёстой
"Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт" гэсэн уриатай, Монгол иргэн бүрийн халдашгүй эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолой болон ажилладаг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Жаргалсайханы Хунантай ярилцлаа.
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг Ардчилсан улсад бид амьдарч байна. Үүнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гүйцэтгэж буй үүргийн талаар яриагаа эхлэх үү?
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль 2000 онд батлагдсанаар Хүний эрхийн үндэсний байгууллага бий болох эрх зүйн орчин бүрдэж, ХЭҮК байгуулагдсан түүхтэй. Манай байгууллага Олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах дэмжих үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. Энэ хүрээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, хүний эрхийн зөрчлийн талаар гаргасан гомдлыг шалган шийдвэрлэх, хүний эрхийн мэдлэг, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрх, эрх чөлөөний талаарх үндэсний илтгэлийг боловсруулж УИХ-д хүргүүлэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж байна. Аль ч улсад хүний эрхийн үндэсний байгууллагын хамгийн гол үүрэг бол хүний эрхийн соёлыг бий болгох байдаг юм. Төр нь иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг, хангадаг, хамгаалдаг иргэд нь үүргээ ухамсарладаг эрүүл, аюулгүй, хүмүүнлэг нийгмийг бүтээх явдал юм.
Манай улс Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиа шинэчлэн батлуулсан. Тус хуулиар орж ирсэн заалтуудаас онцолбол?
УИХ-аас Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталж хэд хэдэн чухал дэвшилттэй зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, Комиссын гишүүдийн тоог нэмэгдүүлж, томилгоо нээлттэй ил тод болсон, Комиссын төсвийг Засгийн газар биш УИХ-аас тодорхойлж зөвшөөрдөг болсон, гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан эрх бүхий этгээд заавал биелүүлэх үүргийг ногдуулсан, хүний эрх, эрх чөлөөний илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцдэг болсон, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааг байгуулах эрх зүйн үндсийг бий болгосон зэргийг онцолмоор байна.
Хүний эрхийн Үндэсний байгууллагын хувьд гишүүдийн томилгоо ил тод, нээлттэй, үйл ажиллагаа хараат бус, бие даасан байх нь юу юунаас чухал. Эдгээр өөрчлөлт, шинэчлэлүүд нь Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-аас баталсан Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зарчимд бүрэн нийцэж мөн НҮБ-аас манай улсад өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж буй хэрэг юм. Үүнээс гадна Монгол Улс 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг баталж Комиссын дэргэд хүний эрхийг хамгаалах шинэ бүтэц, механизмыг байгуулаад байна. Үүнийг бүхэлд нь харвал сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн хуулийн өөрчлөлтүүд нь Хүний эрхийн Үндэсний Комисс хөгжлийнхөө шинэ шат руу шилжиж буйг харуулж байна.
ХҮНИЙ ЭРХ ХААНА, ХЭРХЭН ЗӨРЧИГДӨЖ, ЯМАР ХҮЧИН ЗҮЙЛС НӨЛӨӨЛСНИЙГ ХҮНИЙ ЭРХИЙН ИНДЕКСЭЭР НАРИЙН ТОДОРХОЙЛДОГ БОЛНО
Одоогоор ямар ажилд голчлон анхаарч, ажиллаж байна вэ?
Юуны өмнө Комисс урт хугацааны стратеги төлөвлөгөөгөө батлаад байна. Үүнд нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг чухалчлан анхаарал хандуулан ажиллахаар тусгасан. Яг одоогийн байдлаар Хүний эрхийн үндэсний индексийг боловсруулах ажилд онцгойлон анхаарч байна. Үндсэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт баталгаажуулсан эрх тус бүрийн хэрэгжилтийг хэмждэг болно гэсэн үг. Ингэснээр бодлого тодорхойлогчид болон шийдвэр гаргагчид тухайн асуудлын хүрээнд хүний эрхийн үзүүлэлт сайжирч уу, буурсан уу гэдгийг харж, хүний эрхэд суурилсан оновчтой шийдвэр гаргах, бодлого тодорхойлох нөхцөл бүрдэх юм. Үүнээс гадна аливаа хууль, шийдвэрт хүний эрхийн өнцгөөс харан, түүнд дүн шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйтэй болох нь чухал. Тиймдээ ч энэ чиглэлд судалгааны ажлууд нэлээдгүй хийгдэж байна. Үүний сацуу хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгон хүртээмжийг сайжруулах, хүний эрх хамгаалагчийг хамгаалж эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хувь хүний мэдээллийг хамгаалах, цахим шилжилтийг хүний эрхийн зөрчилгүй хийх, олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зэрэг чухал асуудлуудад тогтмол анхаарал хандуулан ажиллаж байгаа.
Орон нутгийн иргэд танай байгууллагад хэрхэн хандах вэ. Тэдгээрийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл, бэрхшээл тулгарч байна уу?
ХЭҮК 2014 оноос 21 аймагт орон тооны нэг албан хаагчийг томилж, төлөөлөгчтэй болсон ч хүрэлцээ муу байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Алслагдсан сумдад, хилийн цэргийн анги нэгтгэл, заставуудад тэр болгонд хүрч ажиллах нь учир дутагдалтай байсаар байна. Энэ нь төсөв санхүү болон хүний нөөцтэй шууд холбоотой. Гэсэн ч бид үйл ажиллагаагаа доголдуулахгүй хүний эрх, эрх чөлөөний төлөө хичээн ажилласаар байна.
Орон нутагт байгаа төлөөллөөрөө дамжуулан тухайн газар нутагт хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдал, зөрчлийн талаарх мэдээллийг тухай бүр нь хүлээн авч гомдол мэдээллийн дагуу шалгалт хийж дууссаны дараа ХЭҮК-ын гишүүнд мэдээллээ илгээж, зөвлөмж шаардлагыг хүргүүлэх зарчмаар ажиллаж байна.
Тухайн асуудалд хяналт, шалгалт хийсний үндсэн дээр ХЭҮК-ын болон гишүүний бүрэн эрхийн хүрээнд баримт бичиг илгээдэг гэсэн. Үүний гол ялгаа нь юу вэ?
Комиссын гишүүн гомдол, мэдээллийн мөрөөр шалгах ажиллагаа явуулаад эсвэл хяналт шалгалт хийгээд холбогдох эрх бүхий этгээдэд зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Гишүүний зөвлөмжийг хүлээж авсан албан тушаалтан эсвэл хуулийн этгээд 60 хоногийн дотор заавал биелүүлэх үүрэг хүлээнэ. Шаардлагын хувьд хугацаа нь 30 хоног байдаг. Өмнө нь Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг заавал биелүүлэх албагүй байсан бол 2020 онд батлагдсан Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй болсон. Хэрэв биелүүлэхгүй бол энэ нь тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, хуулийн этгээдийн зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно хэмээн зохицуулсан. Үүнээс гадна Комисс бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой асуудлаар санал, зөвлөмж хүргүүлдэг. Комиссын санал, зөвлөмжийг хүлээн авах нь тухайн байгууллага, хуулийн этгээдийн бүрэн эрх юм.
ХЭҮК-ын гишүүний зөвлөмжийг 60 хоногийн хугацаанд, шаардлагыг 30 хоногт багтаан заавал биелүүлэх үүрэгтэй
Алслагдсан сум, орон нутагт хүүхдийн эрх хамгаалагдаж чадаж байна уу. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны чиг үүргийг танилцуулбал?
Өнөөдөр хүүхдийн эрхийн асуудал дэндүү орхигдсон байна. Ирээдүй хойч болсон хүүхдүүдийн эрх томчууд биднээс шууд хамааралтай байдаг. Олон улсын баримт бичигт ч тэр, үндэсний хууль тогтоомжид ч тэр хүүхдийн дээд эрх ашиг ямагт нэгдүгээрт байх ёстой хэмээсэн байдаг. Хүний эрхийн Үндэсний Комисс энэ жил хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон ЕБС-ын дотуур байранд хяналт шалгалтын ажлыг хийж байна. Одоогийн байдлаар 13 хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, ЕБС-ийн 60 дотуур байранд шалгалт хийгдээд байгаа бөгөөд үр дүнг ирэх оны хүний эрх, эрх чөлөөний илтгэлд оруулах юм. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь 2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба олон байгууллагын төлөөллөөс бүрдэж гэмт хэргийн хохирогч, холбогдогч, гэрч болсон хүүхдэд хамгаалах болон дэмжих үүрэг хүлээдэг. Харамсалтай нь энэ ажил хангалттай хэмжээнд хийгдэхгүйн дээр үр дүн муутай байна. Энэ нь төсөв мөнгө хүрэлцэхгүй, байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагаа дутмаг байгаатай холбоотой юм. Өнгөрсөн оны сүүлээр хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталсан. Үр дүн хүлээж л сууна. Орон нутаг дахь зарим ЕБС-ын дотуур байрны нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Монгол Улсад мөрдөгддөг дотуур байрны стандартад нийцсэн дотуур байр байхгүй гэхэд хилсдэхгүй. Нийтлэг ажиглагдсан зүйл гэвэл тухайн байр нь зориулалтын бус, ариун цэврийн байгууламж шаардлага хангахгүйн дээр тохижилт муу, камерын хяналт хангалтгүй, тавилга хуучирч муудсан, хөрөнгө оруулалт хийгддэггүй, хугацаа нь дууссан эм, хэрэгсэл ашиглаж байгаа зэрэг дотуур байранд хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудал их байна. Мэдээж энэ бүхэн нь санхүүжилт, хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай. Орон нутгийн төсвийг харахаар хөшөө, дурсгалын зүйлд мөнгө тавьсан мөртөө хүүхдийн асуудалд хөрөнгө оруулалт байхгүй нь үнэхээр харамсалтай.
ХҮҮХДИЙН ДЭЭД ЭРХ АШГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ, АСУУДЛАА ЗӨВ ЭРЭМБЭЛЭХ ЗҮЙ ЁСНЫ ШААРДЛАГА БАЙНА.
Та бүхэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд ямар асуудлыг сонгож багцлав?
Хүний эрхийн Үндэсний Комисс нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш үндсэндээ 21 дахь илтгэлээ УИХ-д өргөн бариад байна. 2021 онд болж өнгөрсөн үйл явдал, анхаарал татсан хүний эрхийн асуудлыг 21 дэх илтгэлдээ тусгахыг хичээсэн.
Нэгдүгээрт, Ковид-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж. Ковид-19 цар тахал нь Монголын орчин цагийн түүхэнд анх удаа тохиосон, дэлхийг хамарсан гамшиг. Төр засгаас гамшгийн үеийн хариу арга хэмжээ, дархлаажуулалтыг шуурхайлсан ч хүний эрхэд суурилсан харилцаа хандлага дутагдсанаас нэлээдгүй зөрчил гарсан шүү дээ. Дөнгөж төрсөн эхийг углааштай нь эмнэлгээс гаргах, нийтийн тээвэрт зорчиж байсан иргэний шинжилгээний хариуг олон нийтэд зарлан өвлийн хүйтэнд ганцааранг нь гадаа хорих, эх орондоо ирэх боломжгүйн улмаас харь нутагт гацсан олон мянган иргэн, хатуу шаардлагын улмаас хайртай дотнын хүмүүстэйгээ салах ёс хийж чадаагүй зэрэг харамсалтай тохиолдлуудыг бид харсан. Түүнчлэн хүний амьдрал болоод нэр төрд хүндэтгэлтэй хандах хандлага төрийн алба хаагчдад төлөвшөөгүйгээс халдвар авсан байж болзошгүй хүмүүс болон тэдний гэр бүлийг нийгмээрээ гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах нөхцөл үүссэнийг мэднэ. Нөгөө талдаа тэдгээр хүмүүсийг хүний эрхийн наад захын мэдлэг, мэдээлэлтэй болгон төлөвшүүлэхэд хэрхэн ажилласан бэ гэдэг асуудал яригдана. Ковид-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамжийн хүрээнд дахин цар тахал эсвэл олныг хамарсан халдварт өвчин тархлаа гэхэд салбарууд, ямар горимоор хэрхэн ажиллах, гамшгийн үеийн бодлогоо эргэн харах, тогтолцоогоо шинэчлэх улам төгөлдөржүүлэх шаардлагатайг ХЭҮК-ийн зүгээс санал, дүгнэлтийг УИХ-д өргөн барьсан.
КОВИД-19 цар тахал нь залуусын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоонд сөргөөр нөлөөлж, Дэлхийн хэмжээнд 20-35 насны 6 хүн тутмын нэг нь ажилгүй болов.
Хоёрдугаарт, Жендерийн эрх тэгш байдал ба хүний эрх сэдвийн хүрээнд, Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд очиход хүндрэл бэрхшээл юу байна гэдгийг судалж танилцуулсан. Олон улсад удирдах түвшинд эмэгтэйчүүд байснаараа, тэдгээрийн төлөөллийг нэмэгдүүлснээрээ улс эх орон тогтвортой хөгжих нөхцөл бүрэлдэнэ гэж үздэг. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д ч Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай тусгасан байдаг. Түүнчлэн төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын нөхцөл байдлыг судалж танилцуулахын зэрэгцээ Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилт орон нутагт хэр байгааг үнэлсэн байдаг.
ХЭҮК-т хаягласан гомдлоос хамгийн түгээмэл нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол байдаг
Гуравдугаарт, Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн асуудлын хүрээнд хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн нөхцөл байдлыг үндэсний хэмжээнд тодорхойлж, зөрчлийг илрүүлэх, Засгийн газарт хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах цаашдын бодлого хөтөлбөрт чиглэсэн мэдээллийг хүргэх, насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлуулах асуудлыг хөндсөн. Хүний эрхийн Үндэсний Комисст хаягласан гомдлоос хамгийн түгээмэл нь хөдөлмөр эрхлэхтэй холбоотой байдаг. Хөдөлмөрийн харилцаа нь өөрөө маш тэнцвэргүй харилцаанд тооцогддог. Нэг нь ажил олгогч, нөгөө нь ажил горилогч буюу цалин хөлснөөс хамааралтай этгээд. Үүнийгээ дагаад ажилчид ажлын байран дээрээ дарамтад өртөх нь түгээмэл байдаг.
Дөрөвдүгээрт, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн тухай асуудлыг багтаасан. Манай улсад Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор ахуйн хүрээний гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн. Ийм учир хүчирхийлэлд өртсөн иргэнд үйлчилгээ үзүүлдэг хамтарсан баг, 17 нэг цэгийн үйлчилгээ, 21 хамгаалах байрны үйлчилгээний чанар хүртээмжид дүн шинжилгээ хийхэд эдгээр бүтцүүдийн чадавх сул, мэргэжлийн боловсон хүчин, төсөв дутмаг байдал байсаар байна.
Гэр бүлийн хүчирхийллийн нийт гэмт хэргийн 90 хувийг хөнгөн, 10 хувийг хүнд гэмт хэрэг эзэлдэг бол 55.7 хувь нь Улаанбаатар хотод, 44.3 хувь нь орон нутагт бүртгэгдэв. 2021 онд нийт 34.994 иргэн хохирсноос гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1489 иргэн, үүний 1310 буюу 88 хувь нь эмэгтэй, 159 буюу 10.7 хувь нь хүүхэд байна.
Тавдугаарт, Цэргийн байгууллага дахь дүрмийн бус харилцааны тухай асуудлыг хөндсөн. Хугацаат цэргийн алба хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарладаг боловч Үндсэн хууль, Олон улсын эрх зүйгээр баталгаажсан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харилцаанаас ангид байх эрхийг хязгаарлаж болохгүй. Үүнийг Цэргийн алба хаагчийн эрх байдлын дүрэм журамд тусгаагүй нь эрх зөрчигдөх, цэргийн дүрмийн бус харилцааг нуугдмал байдалд оруулж болзошгүй дүгнэлт гарсан. Тухайлбал, Цэргийн алба хаагчийн дүрмийн бус харилцааны зөрчил нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл болон дүрэмд заагдаагүй ажил хийлгэх хэлбэрээр илэрдэг. Өөрөөр хэлбэл цэргүүдийг “дүрмийн бус”-аар дэглэх хуучин арга өнөөг хүртэл арилаагүй байна гэх дүгнэлтийг судалгааны үр дүнд хийж болохоор байгаа юм.
Сүүлийн 10 жилд Цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг бүртгэгдэж, 44 хүний амь нас хохирчээ
Зургадугаарт, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн тухай асуудлыг хөндлөө. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Ковид-19”-ийн эмчилгээнээс бусад төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хөрөнгө оруулалтын хэмжээг эмч, эрүүл мэндийн ажилтнууд болон эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж буй иргэдийн аль аль нь буурсан ч тасралтгүй байж чадсан хэмээн үзсэн байдаг. Хүн амын нягтрал ихтэй болон алслагдсан дүүрэг, хорооны ӨЭМТ-ийн барилга, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муугаас ажлын ачаалал нэмэгдэж, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээнд доголдол үүссэн. Иймээс энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авхуулах, мөн зарим хяналт шалгалтын үр дүнг танилцуулж шийдвэр гаргуулах санал, зөвлөмжийг гаргасан байдаг.
Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрах газар байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 02 дугаар, 2016 оны 10 дугаар тогтоол өнөөг хүртэл хэрэгжээгүй байна.
Таны хувьд “Төсөв хүний эрхэд суурилах ёстой” гэх байр суурийг хадгалдаг. Үүнийг шийдэх зам нь юу бол?
Олон нийтийн сүлжээ болон гудамж талбайд хандив гуйсан дүр зураг ихээр харагдах боллоо. Хүний наад захын хэрэглээ, хэрэгцээ хангагдахгүйн улмаас иргэд ихээр бухимдаж байгааг буруутгах аргагүй билээ. Наад захын хэрэглээ, хэрэгцээ гэдэг чинь хүний амьд явах эрх, хүн шиг амьдрах баталгаа байхгүй юу. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн асуудлаа зөв эрэмбэлэх нь чухал байна. Хөшөө дурсгал барих уу эсвэл иргэдийнхээ амь насыг авран хамгаалах, иргэдээ эрүүл саруул байлгах үйлчилгээний дэд бүтцийг барих уу гэх зэргээр асуудлаа зөв эрэмбэлэх зүй ёсны шаардлага байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан өдөр буюу 1948 оны 12 дугаар сарын 10-ний өдрийг дэлхий даяар “Хүний эрхийн өдөр” хэмээн зарласан. Уг тунхаглал нь дэлхийн хамгийн олон буюу 500 гаруй хэлнээ орчуулагдаж Гиннесийн номд бичигдсэн. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь Хүний эрхийн наад захын хэм хэмжээг тогтоож, уг салбарт ажилладаг хүмүүсийн дагаж мөрдөх АЛТАНГАДАС од гэгддэг.