Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалин хөлс хэрхэн нэмэгдэх, эсэх нь тодорхой байх ёстой
2022.09.26

Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалин хөлс хэрхэн нэмэгдэх, эсэх нь тодорхой байх ёстой

Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаа, хүний нөөцийн тулгамдсан асуудлаар МҮЭ-ийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яамтай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг 2023 оны төсөв УИХ-д өргөн баригдахаар бэлтгэлээ хангаж буй энэ цагт болж байгаа нь давуу талтай юм гэдгийг хэлэлцүүлэгт оролцож буй албаныхан онцолж байлаа.

Түүнчлэн МҮЭХ өнгөрсөн тав, наймдугаар сард төсвийн анхан шатны мэдэгдэл явж байхад саналаа хүргүүлж байсан юм. Тэд цаг үеийн асуудал амаргүй байгаа төсвийн хүндрэлээс шалтгаалаад үндсэндээ 2020-2022 оны цалин хөлс төдийлөн дорвитой нэмэгдээгүй, гэтэл инфляц 20-30 хувь нэмэгдсэн. 

УИХ, Засгийн газар тодорхой амлалт өгсөн, одоо ажлаа хийх хэрэгтэй. Бүтээмжид суурилсан цалин хөлсний асуудал яригдаж байгаа нь зөв, гэхдээ бүтээмж, худалдан авах чадвар хоёрыг хадгална гэдэг нь 2 өөр асуудал. Иймд МҮЭХ төрийн албан хаагчдын цалин, хөлс нэмэх тал дээр бодитоор хандахгүй бол төрийн алба хүний нөөцийн хомсдолд орж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч байна гэдгийг сануулаад байгаа.

МҮЭХ-ын Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

ЦАЛИН ХӨЛСИЙГ ЯДАЖ 30 ХУВЬ НЭМЖ БАЙЖ 2020 ОНЫ ТҮВШИНД ХҮРНЭ. ЦАЛИН НЭМЭХЭЭР ИНФЛЯЦ НЭМЭГДДЭГ ГЭЖ ЯРЬДАГ ГЭТЭЛ ӨНӨӨДӨР ЦАЛИН НЭМЭГДЭЭГҮЙ БАЙХАД ИНФЛЯЦ 20-30 ХУВЬ НЭМЭГДЧИХЛЭЭ. ИЙМД ЦАЛИНГИЙН ЗӨВ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТӨСВӨӨ МАШ САЙН СОНСОЖ, ЮУГ ТАНЬЖ, ЮУГ НЭМЭХ ҮҮ ГЭДГЭЭ ОЙЛГОЛЦОЖ БАЙЖ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ. ИЙМД ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШНИЙ ХҮМҮҮС БОДЛОГОО ЗӨВ ГАРГАХ ЁСТОЙ. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН БОЛОН ДУНДААС ДООШ ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ГЭР БҮЛИЙН САНХҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ МАШ ИХ НЭМЭР БОЛДОГ. ИЙМД ЦААШДАА ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХЭРХЭН, ЯАЖ ОЛГОХОО ТОДОРХОЙ БОЛГОХ ЁСТОЙ. МӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЭХДЭЭ ЯЛГАВАРТАЙ ХАНДАЖ БОЛОХГҮЙ. МАШ БАГА ЦАЛИНТАЙ ХҮМҮҮСЭЭС ӨНДӨР БҮТЭЭМЖ ШААРДАНА ГЭДЭГ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ЮМ.

 

ХНХЯ-ны Цалин хөлсний бодлого хариуцсан ахлах шинжээч Б.Цэрэнханд “Төрийн албаны болон хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлстэй холбогдсон дүрэм, журмын боловсруулалт, хэрэгжилт” сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн бол Сангийн яамны төлөөлөл “2023 оны улсын төсөв ба Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүсийн асуултад хариулт өглөө. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаа “Төрийн албан хаагчийн баталгаа ба төрийн албаны шинэчлэлийн асуудал” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, харилцан ярилцлаа. 

Хэлэлцүүлэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын  тамгын газар, холбоо, Нэгдмэл ҮЭ-ийн холбоод, ААХҮЭ-ийн холбоо, ЭМАҮЭ-ийн холбоо, БШУҮЭ-ийн холбоо, ХХААБОАҮЭ-ийн холбооны төлөөлөл цахимаар оролцлоо.

МҮЭХ-ны зүгээс цаашдаа Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, нийгмийн баталгааг хангах, хүний нөөцийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар байр сууриа илэрхийлж бодлого гаргах түвшнийхэнд нөлөөлөх болно гэдгээ илэрхийлж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn