2022.09.23
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн сахилгын хороонд ажиллав
Улсын их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн сахилгын хороонд ажиллаж, Сахилгын хорооны гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав.
Уулзалтад Сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, О.Номуулин, Б.Сугар, Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун болон Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат нар оролцлоо. Уулзалтын эхэнд Шүүхийн Сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, тулгамждаж буй асуудлуудыг танилцууллаа.
Тэрээр нэн түрүүнд стандартын шаардлага хангасан өөрийн байртай болох хэрэгтэй байгааг онцолсон юм.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн сахилгын хороо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ тутам байгуулагдаж, чиг үүргээ хэрэгжүүлээд удаагүй байгаа ч үр дүнтэй ажиллаж байгааг онцлоод цаашид Хууль зүйн байнгын хорооноос Сахилгын хороонд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд нягт уялдаа холбоотой ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Өнгөрсөн хугацаанд Шүүхийн сахилгын хороонд 540 өргөдөл, гомдол, мэдээлэл иргэдээс иржээ. Үүнээс 210 өргөдөл, мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэсэн бол 295 хэрэгт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн байна.
Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 295 захирамжаас 98 захирамжид нь иргэд гомдол гаргасан бөгөөд гомдол хянан үзэх хуралдаанаар дахин хянаж 15 гомдолд сахилгын хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг хийжээ.