С.Баярцогт: Нийгмийн даатгалын санд 41.7 тэрбум төгрөг шаардлагатай
ИХ дахь намын бүлгүүдээс гаргасан шийдвэрийн дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаас хэд, хэдэн хуулийн төслийг “төрхөмд” нь буцаасан юм. Засгийн газраас өргөн барьсан эдгээр хуулийн төслүүдээс хамгийн их шүүмжлэл дагуулсан нь Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой төсөл бөгөөд түүнийг боловсруулсан төсөл санаачлагч Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Ниймгийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой хэд, хэдэн хуулийн төслийг буцаалаа. Ажил олгогчид хийгээд хөдөлмөр эрхэлдэг хүн бүр шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл парламентаар хэлэлцэж эхэлсэн үеэс шүүмжлэлтэй хандсан. Шимтгэлийн хувь хэмжээг өсгөхөөс өөр хувилбар байгаагүй юм гэж үү?
-Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас буцаасан хуулийн төслүүд бүхэлдээ зайлшгүй хүчин зүйлийн улмаас хийхээс аргагүй өөрчлөлтүүд байсан. Гишүүд цаг хугацаа, аргачлалын хувьд өөрөөр шийдье гэж үзээд буцаах шиг боллоо.
Гэхдээ өнөөдрийн манайд үйлчилж байгаа хуулиар Нийгмийн даатгалын сан өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахгүй байгаа юм шүү дээ. Өнгөрсөн 2008, мөн 2009 онд Нийгмийн даатгалын сан алдагдалтай гарсан. Энэ хэвээр яваад байж болохгүй, сууриа зөв болгох ёстой. Өөрөөр хэлбэл, шимтгэл төлөгчдийн Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөнөөс өнөөгийн ахмадууд тэтгэвэр авдаг. Өнөөгийн шимтгэл төлөгчид тэтгэвэрт гарахад цалингийнхаа хэдэн хувьтай тэнцсэн тэтгэврийг хэдэн жилийн хугацаанд авах вэ гэдэг маань асуудал. Одоогийн тооцоогоор тэтгэвэрт гарсан ахмадууд цалингийнхаа 52.5 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авдаг. Эрэгтэй нь дунджаар 13 жил, эмэгтэй нь тэтгэврээ 17.6 жил. Одоогийн энэ тогтолцоогоор явахад Нийгмийн даатгалын сангийн хуримтлал бүхэлдээ үүнийг дааж явж чадахгүй. Тиймээс тэтгэврийг жилээр нь олгоё гэхэд эрэгтэй нь цалингийнхаа 32 хувь, эмэгтэй нь 20 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авах болоод байгаа юм. Тиймээс энэ нь зөвхөн энэ жилийн тэтгэврийн асуудал биш тэтгэврийн одоогийн тогтолцоог эргэж харах зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа юм шүү дээ.
-Хуулийг буцааснаар 2010 оны төсөвт хэдий хэмжээний дарамт ирэх вэ?
-Тухайлбал, Нийгмийн даатгалын санд 41.7 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын санд тав орчим тэрбум төгрөг шаардлагатай.
Эрүүл мэндийн даатгалын хувьд улсаас сар тутамд төлдөг 500 төгрөгийг 1000 төгрөг болгож байгаа. Буцаагаад 500 төгрөг болгоход ашигтай л гарна. Гэхдээ бид эрүүл мэндийн тогтолцооны шинэтгэл рүүгээ шилжиж чадахгүй болж байгаа юм. Яагаад гэвэл ихэнх зардал нь улсын төсвөөс гардаг тогтолцоо руугаа буцаж шилжиж байгаа болохоор. Бидний зорилт бол Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санг төсвөөс хамаарахгүйгээр тусад нь гаргах шилжилт рүү оруулахад чиглэж байсан. Ингэвэл жил бүрийн улсын нэгдсэн төсөв ярихад энэ асуудал хөндөгдөхгүй байх байсан.
-Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлнө гэдэг маань илүү дарамт учрах байсан шүү дээ. Таван хүүхэдтэй өрх сар тутам 5000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалд нь төлнө. Жилээр тооцохоор явж өгнө?
-Өнөөдрийн босоод байгаа асуудал бол 1.4 сая хүүхэд, иргэн улсаас тэтгэмж авдаг. Энэ хүмүүст улсаас сар тутамд Эрүүл мэндийн даатгалд нь 500 төгрөг төлдөг. Хөдөлмөр эрхэлж байгаа хүн цалингийнхаа хоёр хувиар шимтгэл төлж байгаа. Тэгэхээр тогтолцоо маань зөвхөн эрүүл мэндийн даатгалд үйлчлээд байгаа юм. Тиймээс гэр бүлийн даатгалын тогтолцоо руу шилжүүлэх асуудлаа эхлүүлэхийн тулд энэ арга хэмжээнүүдийг авах саналтай байсан.
-Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор иргэдийн хувьд цалин, тэтгэврийг нэмдэг болов уу гэх хүлээлт их байна. Ер нь 500 мянган төгрөг бэлнээр авснаас өндөр цалин авбал илүү үр дүнтэй гэцгээж байна л даа?
-Бид “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Цалин, тэтгэвэр тэтгэмжийн өсөлт инфляцитай уялдах ёстой. Эдийн засгийн өсөлт өндөр байсан жилүүд буюу 2005-2008 онд тодорхой хэмжээгээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн оны төгсгөлөөс эхтэй санхүүгийн хямралтай холбоотойгоор 2010 онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурь барьж байгаа. Үүнийгээ бид гурвал талт хэлэлцээрээр үйлдвэрчний байгууллагууддаа ойлгуулсан. Хүмүүс ч ойлгож байгаа. Дэлхий нийтийг хамарсан хамгийн гүнзгий хямрал гарч, улс орон бүр янз бүрийн арга хэмжээ авч байна. Орлого бодитойгоор буурч байхад урсгал зардал ч юм уу, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх эх үүсвэр алга байна шүү дээ.