Н.Учрал: Хүн бүр сурч боловсрох тэгш эрхтэй ч тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурч боловсрох эрх тунхагийн шинжтэй байна
Манай улсад нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 30 гаруй хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.
Нийслэлийн хэмжээнд 3 тусгай хэрэгцээт хүүхдийн сэргээн засах төв үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн 41 дүгээр ясли нь Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн болон орон нутгийн хүүхдүүдийг хүлээн авч сэргээн засах тусламж үйлчилгээ явуулж байгаа юм.
Уг цэцэрлэгийн барилга нь анх 1962 онд ашиглалтад орсон бөгөөд цаашид ашиглах боломжгүй талаар 2010 онд МХЕГ-аас дүгнэлт гаргасан. Гэвч өдийг хүртэл хуучин байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 онд ашиглалтад орсон цэцэрлэгийн өргөтгөл нь чанар стандартын шаардлага хангаагүй.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал:
"Ер нь улсын төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө бодит хэрэгцээ, судалгаанд үндэслэх ёстой. Чанаргүй барилга, оновчгүй зарцуулалтаас болж олон хүүхэд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байсаар байна. Иймд миний бие 2023 оны улсын төсөвт тус барилгыг нурааж, шинэчлэх ажлыг тусгуулахаар саналаа хүргүүлээд байна.
Энэ жил засгийн газраас нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй, цэцэрлэгт бүрэн хамруулах ажлын хүрээнд бүртгэлжүүлэлт эхэлсэн. Хүүхэд нэг бүрийг тэгш хамруулахын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг онцгой анхаарах хэрэгтэй. Хууль тогтоомжид эдгээр хүүхдүүдийг тэгш хамруулан сургах, тэгш боломж олгох талаарх зохицуулалтууд нь тунхагийн шинжтэй байдгаас бодитойгоор хэрэгжихгүй байна.
Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, бие даан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрхийг хангах тухай хуулийн төслийг санаачлан олон нийтээр хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.
Удахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус, эцэг эхчүүдтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж өргөн барих болно" гэв.