Байгаль орчин аялал жуулчлалын салбарт хэрэгжиж буй төслүүдийн төлөөлөлтэй уулзлаа
2022.08.04

Байгаль орчин аялал жуулчлалын салбарт хэрэгжиж буй төслүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор байгаль орчин аялал жуулчлалын салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн нэгжийн зохицуулагч, донор, хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийв.

Уулзалтыг Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга ахаллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, байгаль орчны зорилтот хөтөлбөр, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын урт, дунд хугацааны  зорилт, арга хэмжээг БОАЖЯ-ны Байгаль орчин, аялал жуулчлалын нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч С.Эрдэнэцэцэг танилцууллаа.

Мөн төсөл хэрэгжүүлэх нэгжүүдээс төслийн танилцуулга, гүйцэтгэлийн явцыг танилцуулж,  төслийн үйл ажиллагааг яамны 2023 оны үйл ажиллагаа, хүрэх үр дүнтэй уялдуулах, хамтран зохион байгуулах асуудалд нэгдсэн ойлголцолд хүрэв.

Энэ уулзалт нь салбарын яам, салбарт хэрэгжиж буй төслүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулаад зогсохгүй төслүүд өөр хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, давхцалыг арилгах, харилцан мэдээлэл солилцох ач холбогдолтой боллоо.

Уулзалтад ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид оролцсон юм.