Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж байна
2022.07.22

Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж байна

Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог.

Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, НЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж буй юм. Тус байгууламжийн 50 хувийг энэ жилдээ багтаан барихаар төлөвлөжээ.

Өнгөрсөн онд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд үерт автах эрсдэл үүсэж байсан. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн удаа дараагийн хүсэлтийн үндсэн дээр НЗДТГ-аас тус аманд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах ажлыг хийж, гүйцэтгэж байгаа юм.

Үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр жил бүр замын ус зайлуулах шугам угсралт, үерийн далан сувгийн засвар, шинэчлэл, шинэ барилга, байгууламжийн угсралтыг хийж, гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар авто замын ус зайлуулах есөн шугам угсрахаас тавыг нь бүрэн дуусгаж, үерийн далан сувгийн засвар, шинэчлэлийн дөрвөн ажил гүйцэтгэхээс Жаргалантын ам болон Нисэхийн үерийн хамгаалалтыг засан, шинэчилж байна.

ЗАМЫН УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМЫН 70 ХУВИЙНХ НЬ НАСЖИЛТ ХЭТЭРСЭН

ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан:

-Өмнөх жилүүдэд үерийн дуудлага ихээр ирж, гол болон туслах зам дээр их хэмжээний ус тогтдог байсан. Уг аюул, эрсдэлийг бууруулахын тулд нийслэлийн зүгээс ус зайлуулах шугам сүлжээг угсрах, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Тус ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэснээр үерийн дуудлага, гамшгийн эрсдэл буурсан. Улаанбаатар хотод буй замын ус зайлуулах 209 км шугамын 70 хувийнх нь насжилт хэтрээд байна. Мөн далан, сувгуудыг 1960, 1970 онд барьсан тул хуучирч, муудсан. Иймд тэдгээр 163 км далан, сувгийн засвар, шинэчлэлийг үе шаттайгаар хийхгүй бол үерээс хамгаалах бус, илүү дор нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэсэн юм.

ГУББГ-ын далан сувгийн ашиглалт засварын инженер Д.Ариунбаатар:

-Нисэхийн далан, сувгийг 1980-аад оны үед барьж байгуулсан бөгөөд насжилт хэтэрсэн. Далангийн эхлэл хэсэг ахуйн хог хаягдлаар дүүрч, дунд хэсэгтээ усанд идэгдэн нурсан байсныг бид үе шаттайгаар нөхөн сэргээж байна. Километр гаруй урттай энэ далан Нисэхийн тойргоос чиглэсэн авто замын ус, Жаргалантын амын үерийн хамгаалалт, Нисэхийн зурвасын үерийн усыг хүлээн авч Туул гол руу цутгадаг. Ийм насжилт хэтэрсэн далангуудад засвар хийдэг. Тухайн даланд үерийн ус хүчтэй орж ирдэг тул хавтанжуулж байгаа. Энэ нь цутгалттай харьцуулахад илүү бат бөх, насжилт удаан юм. Далангийн засварыг хийхдээ авто замд хүндрэл учруулахгүй байхад анхаарч ажиллаж байна хэмээлээ.