Э.Бат-Амгалан:
1.5 сая хүнтэй Улаанбаатар хотод одоо метро барих нь тохиромжтой биш
Их хотын түгжрэлийг бууруулахад шат шатандаа асуудал, шийдэл ярьж буй. Түгжрэлийг шийдэх хамгийн боломжит хувилбар нь хөнгөн галт тэрэг болох “LRT” төсөл юм. LRT төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалантай ярилцлаа.
Түгжрэлийг бууруулахад Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?
Түгжрэлийг бууруулах олон ажлыг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо, Засгийн газар, Нийслэл гээд бүх шатандаа хийж, төлөвлөж, санаачилж, судалж байна. Тухайлбал, Баруун талдаа хүрдтэй автомашины импортыг зогсоох, тодорхой хугацааны дараа замын хөдөлгөөнд оролцуулахгүй, орсон тохиолдолд өндөр хэмжээний татвар төлөх, эсхүл автомашины насжилтаас хамаарч татвар нэмэх зэргийг дурдаж болно. Түүнчлэн Автобус парк шинэчлэл, богино эргэлт хийдэг болох, хиймэл оюун ухаан бүхий ухаалаг камержуулалт, хяналт, автозамын бүтээн байгуулалт, шинэ тойрог хурдны зам, дагуул хот бий болгох нь чухал болоод байна.
- Хөдөө орон нутагт шинээр суурьшиж байгаа бол 2-4% хүүтэй ипотек зээл
- Хөдөө орон нутагт шинээр суурьшиж бизнес эрхлэх бол хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт
- Хог тээврийн автомашинуудыг орой 23:00-07:00 хүртэл ажиллуулах
- Барилга байгууламж, хүнд даацын автомашиныг мөн 23:00-07:00 хүртэл хөдөлгөөнд оролцуулах
- Иргэдэд зориулсан гүүрэн гарц хийх
- Хороо бүрд 1 сургууль, цэцэрлэг гэх мэт.
Гэхдээ дээрх шийдлүүд бол түгжрэлийг цогцоор нь шийдэж чадахгүй. Цогцоор нь шийдэхийн тулд бид нийтийн тээврийн шинэ төрлийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх шаардлагатай. Үүний нэг нь LRT хөнгөн галт тэрэг. Монгол орны цаг уур, нөхцөл байдлаас хамаарч хамгийн зөв нь гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэн судлаач, экспертүүд зөвлөсөн. Хүссэн хүсээгүй хэзээ нэгэн цагт хийгдэх зүйлийг бид боломжит хугацаандаа зориглоод хийх ёстой.
LRT төслийн урьдчилсан зураглал
Тэгэхээр LRT төслийг хэр хугацаанд боловсруулсан бэ?
Ардчилсан парламент үүссэн цагаас хойш хотын томоохон асуудал болох түгжрэл, шилжин ирэгсэд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн 10 гаруй жил түгжрэл эрс ихэссэн. Үе үеийн хотын дарга нийслэлийн удирдлагууд хотын дарга, түүний удирдах багийнхан метро, тусгай замын автобус, дүүжин тээвэр зэргийн төслийг судалж байсан. Бидний одоо ярьж буй LRT төсөл гэнэт гараад ирсэн зүйл биш. Тодорхой хэмжээнд судалсан байгаа.
2022 оны 2 сард Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж 2 асуудлыг чухалчлан хэлэлцсэн. Үүн дотор Улаанбаатар хоттой холбогдох асуудал нь LRT төсөл байсан юм. Ингээд Хятадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр сүүлийн 2 сарын хугацаанд Хятадын үндэсний шинэтгэлийн хорооны 8 хүний бүрэлдэхүүнтэй ТЭЗҮ хийх баг монголд ирсэн.
Тус багийнхан хотын түгжрэл, манай улсын хүн амын нягтаршил байгаль цаг уурын нөхцөл байдлын судалгаан дээр үндэслэн өдрийн 16-17 цаг ажиллаж, маш богино хугацаанд ТЭЗҮ-ийг боловсруулсан. Ийнхүү бэлтгэсэн төслөө Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн удирдлагуудад өргөн барьж, УИХ, байнгын хороогоор танилцуулагдаад явж байна.
undefine
Түгжрэлийг бууруулах BRT - MRT төслүүд олон улсад амжилттай хэрэгжиж байгаа. LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөл Улаанбаатар хотод хэр хэрэгцээ, шаардлагатай вэ?
Мэдээж дүүжин тээвэр метро зэрэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсөл. Түрүү хэлсэнчлэн LRT нь манай улсын байгаль цаг уурийн нөхцөлд хамгийн тохиромжтой. Хотын иргэн хүний хувьд хэлэхэд энэхүү төсөл маш чухал ач холбогдолтой. Улаанбаатар хотод төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болсон.
Мөн шинэ дэд төвүүд, дагуул, хаяа хотуудыг холбох хэрэгцээ, шаардлага ч тулгарч байна. Энэ нөхцөлд их багтаамжтай тээврийн хэрэгсэл ашиглахгүй, хуучин шигээ автобус, хувийн машинаар тээврийн хэрэгцээгээ хангах боломжгүй. Тиймээс тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай байна.
Манай улсад хамгийн тохиромжтой, олон хүн багтаах тээврийн хэрэгсэл бол LRT буюу хөнгөн галт тэрэг. LRT-г нэвтрүүлэхээс гадна бүх төрлийн тээврийн хэрэгслийн зохион байгуулалтыг шинэчлэн, шинэ тогтолцоогоор явах хэрэгтэй. Маш олон жилийн турш, хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгслийг судалсны эцэст LRT буюу хөнгөн галт тэргийг сонгосон.
Иргэдийн зүгээс нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд тусгай замын автобус нь илүү хурдан хугацаанд үр өгөөжөө өгнө гэж үзэж байгаа. Тэгэхээр та бүхний танилцуулсан төсөл хэр зэрэг давуу талтай бол?
Өнгөрсөн жилүүдэд метро, дүүжин тээвэр, MRT, тусгай зориулалтын автобус, LRT гэх мэт олон судалгаа хийгдсэн. Мэдээж олон асуудлыг судалж, харьцуулж байж зөв шийд гарна. Эдгээр судалгааны үр дүнд нийтийн тээврийн даацтай, том өөрчлөлтийн эхлэлийг LRT буюу хөнгөн галт тэрэг тавьж чадах юм байна гэж үзсэн. Үүнд хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, өртгийн хувьд метроны нэг км замд 150 сая ам.доллароос багагүй хөрөнгө зарна. Газар зүйн байрлал, хэр гүн тавихаас хамаараад энэ үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр метро бол манай өнөөдрийн эдийн засагт тохиромжгүй.
Мөн дэлхийн хандлагыг харах хэрэгтэй. Дэлхийн хотууд гурван саяас дээш хүн амтай болсон үед метро барьдаг. 1.5 сая хүнтэй Улаанбаатар хотод одоо метро барих нь тохиромжтой биш. Метро, LRT бол агуулгын хувьд ойролцоо, аль аль нь ямар ч саадгүй, тогтоосон хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Нэг удаадаа 600-700 хүн зөөж, 2-3 минутын хугацаатай явна гэдэг бол унаа хүлээх, түгжрэх асуудал байхгүй болно гэсэн үг.
Хүн хоёр цаг түгжрэх үү, 30 минутад тухайн газраа очоод, ажлаа амжуулах уу гэдэг нь тодорхой шүү дээ. LRT нь метроноос ялгарах зүйлгүй, тохилог, осол гарахгүйгээс гадна эдийн засгийн хувьд ч олон давуу талтай. LRT-гийн буудлууд байгуулна. Буудлуудыг дагаад эдийн засаг, бизнесийн орчин бүрдэх боломжтой. Мөн тээврийн маршрутыг нарийн тусгасан. Нийтийн тээврийн зохион байгуулалтыг хэрхэн өөрчлөх ерөнхий дүр зураг ч эндээс гарна.
Өвлийн улиралд маш их цас орж, мөстдөг. Энэ зам дээр машин явахад бэрх болж, осол гарах, түгжрэл үүсэх шалтгаан болдог. Гэтэл тусгай замын автобус явуулах нь мөн адил түгжрэх магадлалтай. Харин метро 2008 оноос хойш ярьж байна.
Хотын төвөөр метро явахад 20-30 метрийн тунел ухаж нүх гаргах ёстой. Ингээд үзэхээр өртөг өндөр бөгөөд 1км метроны замыг барихад 150 сая доллар орчим болдог. Мөн доргилтын асуудал хүндээр тулгарна. Жишээлбэл, хотын төвийн 40, 50 мянгатын байрнууд насжилтын хугацаа дууссан. Энэ мэтчилэн хүндрэл бэрхшээл гарах учраас бид үүнийг сонгоогүй юм.
LRT төслөөр жилд 216.3 тэрбум төгрөгийн орлого олох боломжтойг ТЭЗҮ-д тусгасан байсан. Ер нь бүтээн байгуулалтын өртөгийн задаргаа нь ямар байх вэ?
921 сая доллараар барих LRT төслийг иргэд зөвхөн галт тэрэг гэж ойлгоод байна. Үүн дотор 3 тусдаа ажил байгааг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, их бие буюу галт тэрэг, дараагийнх нь гүүрэн байгууламж, мөн газар чөлөөлөлт, галт тэрэгний 15 буудлын бүтээн байгуулалтыг хамтатгаж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн хуучин замын голоор зай авч гүүр барих учраас тухайн замыг 2 тийш тэлэх зардлыг багтаасан байна. Тэгээд бодохоор олон улсын стандартад үнэлгээ нь нийцэж байгаа.
Нэгэнт бид зээлээр энэхүү төслийг хэрэгжүүлэх гэж байгаа. УИХ-аар төслөө хэлэлцүүлснээр тухайн бүтээн байгуулалтад шаардлагатай бараа, материалын үнийг гаалийн болон бусад холбогдох татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ шаардлагатай байна. Ингэснээр 921 сая доллараас 60-70 сая долларыг хэмнэх боломжтой.
Олон жил ярьсан метро, дүүжин тээвэр шиг “үлгэр” болчих вий гэсэн хардлага нийгэмд байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
Бидний зүгээс яриад суух биш яаралтай эхлүүлэх нь чухал байгаа юм. Ингэж байж хугацаа алдахгүйгээр чанартай олон улсын стандартад нийцсэн хөнгөн галт тэргийг барина. Тухайлбал, хөнгөн галт тэрэгний төсөл нь гурван шугамын чиглэлтэй байна. Нэгдүгээр шугам нь Архивын Ерөнхий газар-Сансрын тойрог бөгөөд үргэлжлэх зам нь 18.1 км. Тухайн замын турш 15 буудал байна.
Харин нийт зорчилтын хугацаа 40 минут. Галт тэрэг хоорондын зай 5 минут байх тооцоолол гарчээ. Барилгын ажлын хугацаа 2022 тавдугаар сарын дунд үеэс 2024 оны тавдугаар сарын эцэс хүртэл буюу нийт 31 сар үргэлжлэх төлөвлөгөө гаргажээ. Харин нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхлэх хугацаа нь 2024 оны тавдугаар сарын 31-нээс туршилтын, арванхоёрдугаар сарын 31-нээс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөтэй байна.
УИХ-ын Монгол Ардын намын бүлэг хуралдаж, хөнгөн галт тэрэгний асуудалтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулахаар болсон. Ямар чиг үүргээр, хэрхэн ажиллах вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголтой зэрэгцүүлэн энэхүү төслөө шууд танилцуулсан учраас гишүүд тодорхой хэмжээнд төслийн талаар ойлголтгүй байсан. Тийм учраас гишүүдийн зүгээс барих нь зөв гэж үзэж байсан нөгөө хэсэг нь өрийн тааз нэмэгдэнэ, хууль зөрчиж байна гэх мэтээр байр сууриа илэрхийлж байлаа.
Тиймээс хотын нийтийн тээврийг шинэчлэх болон Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төслийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, гишүүнд миний бие УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, С.Бямбацогт, Б.Жавхлан, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар, Ч.Хүрэлбаатар, Н.Энхбoлд нар багтсан. Бид хотын түгжрэлийн асуудалд аль болох шинжлэх ухаанч байдлаар хандаж, иргэдийн эрх ашгийн талд шийдвэр гаргахын тулд ажиллана.
Энэхүү төсөл эхэлснээр Монгол Улсын эдийн засаг хэр зэрэг тэлэх вэ?
Замын түгжрэлээс хамаарч нэг хүн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна.
Нийслэлийн судалгаагаар замын түгжрэлээс хамаарч нэг хүн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдөр буюу дундаж насыг 72 гэж тооцвол 6.49 жилийг замын хөдөлгөөний түгжрэлд өнгөрөөж буй. Хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэн явуулах эхний 30 жилийн хугацаанд нийт 6.49 их наяд төгрөг, жилд дунджаар 216.3 тэрбум төгрөгийн орлого олох урьдчилсан тооцоолол гарсан.
Үүнээс гадна Хөдөлмөрийн зах зээлийг зөвхөн хөнгөн галт тэрэгний тээврийн ашиглалтын хүрээгээр тооцоход 2027 онд шинээр 885 хүн, 2034 онд 1145 хүн, 2049 онд 1455 хүн шууд ажлын байртай болж, иргэдийн орлого амьжиргаа дээшлэх давуу талтай. Өөрөөр хэлбэл хөнгөн галт тэрэгний төсөл хэрэгжсээр шууд болон шууд бусаар ажлын байр нэмэгдэх, цаашлаад улсын эдийн засагт чухал дэм болох юм.
ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.