2022.06.08

Ж.Батжаргал: Гадаадын зээл, тусламжийн үр өгөөж, зарцуулалт, бүртгэлжүүлэх асуудалд онцгой анхаарах нь зүйтэй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022, 06, 08/ өдрийн хуралдаанаар “Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан”-г хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Төсвийн байнгын хороо гадаадын зээл, тусламжийн ашиглалт, үр өгөөжийн талаар аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжийг хэлэлцэж байна. Тийм учраас холбогдох байгууллагуудад Төсвийн байнгын хорооноос тодорхой чиглэл өгөх нь зөв. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг ашиглах, түүний үр өгөөжийг дээшлүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулах, гэрээний эрх зүйн хангалтыг хангуулдаг байлгах энэ талын асуудлыг бид нилээн онцгой авч үзэх хэрэгтэй.

Эрх зүйн бүдэг орчинд бүдэг гэрээ хийгээд орон нутгийн хөгжил, иргэдийн ая тухтай амьдралыг хангах хүрээнд ашиг хүртэхээргүй салбар луу авсан зээлээ эргэж хараад орон нутаг, улсын төсөв хоорондын харилцааныхаа түвшинд төлөвлөлтийнхөө зарчмаар шийдэх юм уу, хаалт хийх юм уу гэдгээ шийдэх хэрэгтэй.

Аж ахуй бизнесийн чиглэлээр авсан зээлүүдийн эргэн төлөлтийг шахаж явах ёстой. Үндсэндээ бүртгэл, хяналт сул байгаагаас хамаараад төрийн өмчлөлд байгаа нэмүү өртөг, ашиг бий болгож чадах өмч, хөрөнгүүдийг хэн нэгэн ашиглаад өөртөө ашиг хүртээгээд явж байгаа зүйл бий.