2022.05.30

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг Улсын их баяр наадмаас өмнө дуусгах үүрэг өглөө

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал /2022-05-30/ боллоо. Хурлын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өмнөх долоо хоногт Засгийн газрын гишүүдийн хамт Өмнөговь аймагт ажилласан томилолтоос гарсан шийдвэр, цаашид авах арга хэмжээ, үүргийг холбогдох газруудад өгөв.

Үүнд: 

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг Улсын их баяр наадмаас өмнө дуусгах. Түүнээс өмнө шаардлагатай техник, хяналтын үзлэг, технологийн шийдлийг бүрдүүлэхэд Тавантолгой төмөр зам ХХК-тай хамтран шуурхай ажиллах,

-Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дохиолол холбооны ажил, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төмөр замуудтай холбоотой технологийн бичиг баримт боловсруулах,

-Шивээхүрэн боомтыг баруун босоо чиглэлийн төмөр замын төсөлтэй хэрхэн уялдаа холбоотой болгох талаар МТЗ ТӨХК болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж шийдэл гаргахыг ТЗДТБХЗГ-т,

-Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Говь гурван сайхан” нисэх онгоцны буудлын зурвас, вокзалыг өртгөтгөх асуудлыг 2023 оны улсын төсөвт оруулахаар шийдэгдсэн тул шаардлагатай бэлтгэл ажлыг хангахыг ИНБХЗГ болон Иргэний нисэхийн ерөнхий газарт,

-Арвайхээрээс Даланзадгад чиглэлийн авто замын ТЭЗҮ боловсруулах, нийгэм эдийн засгийн ач холбогдлыг боловсруулан, танилцуулахыг БТГ болон АЗБХЗГ-т,

Мандалговь-Даланзадгад чиглэлийн автозамын засварыг шуурхай дуусгахыг Зам ашиглалт, засварын хэлтэст тус тус даалгав.