УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарын хамт Эрдэнэ суманд ажиллаж, сумын төвийн инженерийн хангамжийн шугам сүлжээний барилгын ажлыг эхлүүллээ.
Төв аймгийн хэмжээнд 2022 онд эхний ээлжинд Баянчандмань, Борнуур, Дэлгэрхаан, Сэргэлэн, Эрдэнэ зэрэг 5 суманд "Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж" төсөл хэрэгжихээр шаардагдах санхүүжилт улсын төсөвт тусгагдсан. Мөн 6 суманд хэрэгжихээр зураг төслийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын үр дүнд иргэд сум орон нутагтаа ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.
Эрдэнэ суманд хэрэгжиж буй дээрх төслийг улсын төсвийн 14,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 онд "Билгүүн Од" ХХК гүйцэтгэнэ.
Төслийн хүрээнд гүний 2 худаг, 3637,1м гадна цэвэр усны шугам, 1920м дулааны шугам, 6020м гадна бохир усны шугам, 2х25м3 цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийх юм.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах УИХ-ын ажлын хэсгийг ахлан ажиллах үеэр тус суманд тулгамдаж буй хилийн цэсийн маргаантай асуудлыг газар дээр нь очиж танилцан холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг 20 гаруй асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн бөгөөд ажлын явцад нь тогтмол анхаарал хандуулан ажиллаж байгаагаа танилцууллаа.
Түүнчлэн сумын эдийн засгийг дэмжих чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээг кластераар хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэн малын үүлдэр угсааг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар санал солилцож, сум орон нутгийн удирдлагууд, иргэдтэйгээ хамтарч ажиллахаар боллоо.