2022.05.21

Завхан аймаг 2024 онд шинэ дулааны станцтай болно

 

Монгол Улсын хэмжээнд 10 аймгийн төвд БНСУ-ын 148 сая америк долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дулааны станц барихаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Завхан аймагт орчин үеийн дэвшилтэт технологийн бүрэн шаталттай, байгаль орчинд ээлтэй 25 гкал/ц хүчин чадалтай дулааны станц баригдахаар боллоо.

Аймгийн төв иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт дараах эерэг нөлөөг үзүүлнэ. Үүнд:
-Хэрэглэгчид жилийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар хангагдана.
-Дутуу шатсан нүүрс, дэгдэмхий үнс хийсэж орчныг бохирдуулахгүй, аймгийн төвийн агаарын чанар сайжирч, амьсгалын замын өвчлөл буурна.
-Ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болно. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж, бүс нутгийн хөгжил түргэснэ.
-Иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, орон нутгийн хөгжил дээшлэх зэрэг ач холбогдолтой юм.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХК, туслан гүйцэтгэгчээр “Мон энержи консалт” ХК ажиллаж одоогоор зураг төслийн ажил төлөвлөлтийн шатанд үргэлжилж байна.

Зураг төслийг 2 үе шаттайгаар хийж энэ ондоо бүрэн дуусгах бол  барилга угсралтын ажлыг 26 сарын хугацаанд гүйцэтгэж, 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Завханчуудынхаа нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам болоод холбогдох бүх хүмүүст талархал илэрхийлье.