2022.05.04

Д.Батлут: Иргэндээ ээлтэй байх тал дээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл юу хийх вэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.05.04/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсов.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд 2 их наяд 398 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж баталсан. Төвлөрүүлэх орлого нь нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Зарлага нь 2 их наяд 565 тэрбум болсон гээд сайн ажилласан гээд дүгнэжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл сайн ажилласан байж болно. Гэхдээ иргэдийн зүгээс нийгмийн даатгалд ямар сэтгэл ханамжтай байгаа вэ гэдгийг сайн тооцох ёстой. Орлого нь өссөн зарлага нь төлөвлөсөн хэмжээнээс бага байгаа нь сайн үзүүлэлт юм уу?

Иргэд нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд төдийлөн сэтгэл ханамжгүй байдаг. Жишээлбэл, хөдөлмөрийн чадвараа алдсан хүн ажилласан жилийнх нь дундаж цалингийн 50-70 хувиар тооцож, нөхөн олговор олгодог. Үүнийг 100 хувь болгож болдоггүй юм уу? Заавал үүнийг ажилласан жилтэй нь холбоотой уялдуулах хэрэг байна уу?

Байгууллагуудын үйл ажиллагаанд нийгмийн даатгалын олон үйлдэл хүндрэл үүсгэдэг. Тиймээс нийгмийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг бүх газар нэгжүүд цахимжих хэрэгтэй. Үүн дээр ажил зохион байгуулж байна уу?

Чингис хаан банканд 99 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламж байгаа гэжээ. Энэ банк үйл ажиллагаа явуулахад хүнд болсон гэж байна. Тухайн банкнаас хэрхэн мөнгөө авах вэ? Төлөвлөгөө бий юу? 

Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn