Цаг бол үе дамжин өвлөгддөг өв хөрөнгө, үнэт эдлэл юм
Энэ удаагийн “VIP ЗОЧИН” буландаа Монгол Улсын анхны мэргэжлийн цаг засварчин, "Үйлчилгээний гавьяат" ажилтан Самбуугийн Оюунчимэгийг урьж, ярилцлаа.
-Юуны өмнө "Үйлчилгээний гавъяат" ажилтан хэмээх эрхэм хүндэт цол тэмдгээр саяхан шагнуулсан танд баяр хүргэе. Та дөч гаруй жил цаг засварчны мэргэжлээр ажиллаж байна. Энэ мэргэжлийг эзэмшсэн түүх тань их сонирхол татаж байна.
Би наймдугаар ангиа 1974 онд төгсөөд тухайн үеийн ЗХУ-ын Ярославль хот дахь Техник мэргэжлийн сургуулийн хуваарь сонгож, Монгол Улсын хамгийн анхны Мэргэжлийн цаг засварчин бэлтгэх ангид элсэн орж байлаа. Ингэж л хөдөө орон нутгаас 12, хотоос 13, нийт 25 охин хоёр жилийн турш суралцаж Монголын анхны мэргэжлийн цагчид болон төгссөн.
Тухайн үед бидний орчуулагчаар явж байсан Диймаа багш маань “Манай орон цаг үйлдвэрлэдэггүй. Тиймээс үйлдвэрийн ажилчин шиг ганц ажиллагааг хийдэг цагчин биш, харин нэг цагийг эхнээс нь дуустал маш сайн засах чадвартай тийм л цаг засварчдийг бэлтгэх хэрэгтэй” хэмээж цагийг бүрэн засах хөтөлбөр гаргуулж байлаа. Ингэж л энэ сайхан мэргэжлийг сураад, 50 шахам жил энэ мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. Энэхүү олон жилийн хичээл зүтгэлийг төр засаг маань үнэлж, "Үйлчилгээний гавъяат" хэмээх эрхэм хүндэт цолоор шагнуулан, Монголынхоо анхны Гавьяат цагчин болсондоо их баяртай байна.
Мөн энэ олон жил цаг засаж байхдаа аль болох олон Монголчууддаа эх орноосоо боломжийн үнээр чанартай Швейцар цагийг худалдан авах мөн мэргэжлийн цаг засварын цогц үйлчилгээ, зөвлөгөөг нэг дороос авах боломжийг бүрдүүлж өгөх юмсан гэсэн мөрөөдлөө хэрэгжүүлж, 2017 онд “Шинэ Цахлай” компанийг үүсгэн байгуулсан. Манай “Watch Meister” нь цаг, цагны дагалдах хэрэгслүүд мөн мэргэжлийн цаг засварын үйлчилгээг нэг дор үзүүлдэг Монгол дахь цор ганц мэргэжлийн байгууллага гэдгээрээ онцлог юм.
-Олон хүн цагийг хэрэглээ гэж хардаг, харин таны хувьд олон жил цаг засаж, цагтай ойр байсан хүний хувьд ямар бодол тээж явдаг вэ?
Цаг үргэлж, урагшилж, тэмүүлж байдаг, хүн төрөлхтөний өнгөрсөн одоо ирээдүйтэй хамааралтай, цаашид ч үргэлжид байсаар байх мөнхөд орших үнэт зүйл. Цаг зүүж сурсан хүн маш хариуцлагатай, цаг баримталдаг, түүнээсээ улбаалаад ажил амьдралаа зөв зохицуулж сурдаг. Тийм ч учраас намайг зориод ирсэн хүмүүсийн цагийг сэтгэл зүрхээ гарган, мэргэжлийн өндөр түвшинд засаж үйлчлэхийг эрхэмлэдэг.
Үйлчүүлэгчид маань, өөрсдийн зүүдэг цагнаас гадна, өвөө, эмээ, аавынхаа, ээжийнхээ хэрэглэж байсан гэх хуучны цагнууд, мөн хүндэт хүмүүсийн бэлэглэсэн дурсгалын цагнуудаа барин ирж засуулдаг. Ю.Цэдэнбал даргын үед шагналд авч байсан гэх цаг ч засаж байлаа. Түүнчлэн үнэт чулуун шигтгээтэй олон жилийн настай цагуудаа ч засуулахаар барьж ирдэг. Үүнээс дүгнэхэд цаг гэдэг нь маш удаан, үе дамжин хэрэглэгддэг үнэт эдлэлтэй адил үнэ цэнэтэй зүйл гэдгийг илтгэн харуулж байна.
Харин сүүлийн үед зарим хүмүүс гар утас байхад цагны хэрэг юу байхав гэлцдэг болж. Үнэн хэрэг дээрээ технологийн энэ хурдацтай хөгжлийн үед авсан 5 сая төгрөгний үнэ бүхий гар утасны тань дараагийн загвар нь маш хурдан төрөн гарсанаар өмнөх загварын үнэ цэнэ нь буурдаг. Гэтэл цаг бол эсрэгээрээ. Та цаг худалдан авбал 10, 20 бүр 50 жил ч ашиглаж чадах бөгөөд, он цагийн уртад үнэлээг нь өсөж, үр хүүхдүүддээ өв болгон үлдээж болдог. Нөгөөтэйгүүр, утасны цаг, бугуйн цагны ялгаа нь цаг зарцуулалтандаа байдаг.
Харин цагаа утсан дээрээсээ харахад, сатаарах зүйл маш их. Утсан дээрх элдэв мэссэж, мэдээллүүдэд сатааран маш их цаг хугацаа алддаг. Үүнд л бугуйн цагийг хэрэглэх хэрэглээний болон эдийн ҮНЭ ЦЭН оршдог юм. Ертөнц дэх хамгийн үнэт зүйл бол ЦАГ ХУГАЦАА. Эргэж ирэхгүй цаг хугацаагаа бугуйн цагаараа зохицуулаад, төлөвлөөд явж байна уу, эсвэл утаснаасаа хараад сатаараад өөр зүйл хийгээд үнэт цагаа алдаад явж байна уу гэдгээр тухайн хүний амьдралын хандлагыг нь дүгнэх боломжтой гэсэн судалгаа байдаг.
Тиймээс ЦАГ гэдэг бол ӨВ ХӨРӨНГӨ, ҮНЭ ЦЭН, ҮНЭТ ЭДЛЭЛ юм. Мөн цагийг “Үлдсэн бүх цаг хугацаагаа хамтдаа өнгөрүүлэх”, “Хамгийн хайртай хүнтэйгээ урт удаан хугацаанд хамт байх” гэх мэт бэлэгдлүүдийг билэгшээдэг. Тухайлбал Швейцарт хүүхдүүдээ сургуулиа төгсөхөд нь, гэр бүл болоход нь, шинэ ажилд ороход нь гэх мэт тэмдэглэлт үйлд явдлуудад сайн сайхныг хүсэн ерөөж цаг бэлэглэдэг уламжлал бий.
Тэд цагны үнэ цэнийг өндрөөр үнэлж, бүх зүйлсээ төлөвлөж, цагийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар өргөн соёлтой ард түмэн. Тиймээс ч, гэр бүлийнхээ хэмжээнд цаг үйлдвэрлэж эхлээд хэдэн зууныг дамнан өргөжин тэлж буй цагны үйлдвэрүүдийг харахад мэргэжлийн хүний хувьд маш бахархмаар. Тэднээс би маш их урам зориг авч, үе залгамжилсан цагчид байхыг хүсэж, зорьж үр хүүхдүүддээ өвлүүлэн явж байна даа. Мөн Швейцар улс жил бүр Гоёл чимэглэл болон цаг, цагны дагалдах хэрэгслийн Олон Улсын үзэсгэлэнг зохион байгуулагдаг. Бид энэ үзэсгэлэнд удаа дараалан оролцож, дэлхийн цаг үйлдвэрлэлийн үйл явц, мэдээ мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхахыг зорьж байна.
Миний хувьд Швейцарын алдартай цагны брэндүүдийн үйлдвэрийн газруудтай танилцаж, хэрхэн цаг бүрийг ширхэгчлэн гар аргаар угсарч хэрэглэгчдийн гар дээр ирдгийг мэргэжлийн нүдээр харж байлаа.
-Танай байгууллагыг 3 үеийн цаг засварчид гэдэг. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач?
Том охин маань багаасаа цаг засах сонирхолтой, намайг харж, дагалдаж байгаад цаг засаж сурсан. Дараа нь Швейцарт очиж энэ мэргэжлээ бататган, мэргэжил дээшлүүлэх 3-4 жилийн сургалтанд сурч, одоогоор Швейцар улсад мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа. Харин 3 дахь үе болох зээ хүү маань Швейцар улсад цагны мэргэжлийн сургууль төгсөж диплом авсан Монголын хамгийн анхны мэргэжлийн цагчин болсон. Мөн л одоо Швейцарт мэргэжлээрээ ажиллаж дадлага, туршлагатай болж байгаа. Ингэж л Монголд улсад байгаа цор ганц 3 үе дамжсан Орос, Швейцарт мэргэжил эзэмшсэн цагчид хэмээн нэрлэгдэх болсон юм.
-“Watch Meister” дэлгүүр Швейцарын Victorinox, Cornavin, Аerowatch зэрэг 6 брэндийн цаг оруулж ирдэг. Энэхүү брэндийн цагийг яагаад онцлон оруулж ирэх болов?
Швейцар улс цагны эх орон гэдгийг ярилцлагын эхэнд дурдсан. Тэнд 570 гаруй цагны үйлдвэрүүд байдаг. Энэ том зах зээлээс боломжийн үнэтэй хэрнээ чанартай, засвар авдаг зэргийг бодолцон үзэж үйлдвэрүүдтэй нь танилцаж байж эдгээр 6 брэндийг онцлон сонгож оруулж ирсэн. Брэнд бүр өөрийн онцлог талуудтай. Жишээ нь Швейцарийн армийн цагийг үйлдвэрлэдэг Victorinox брэнд нь ОУ-ын ISO стандартыг хангасан, 300 гаруй хүнд тестийг давсан, бас шүхрийн материалаар хийсэн оосортой гэх мэт онцлог давуу талтай.
Манай компани үндсэн 4 үйл ажиллагаа явуулдаг.
Цаг борлуулалт: Одоогийн байдлаар манай үйлчлүүлэгчид, бугуйн цагны хувьд Швейцарын 6 брэнд болох Victorinox, Swiss Military, Aerowatch, Claude Bernard, Cornavin, West end Watch, харин хана болон ширээний цагны хувьд Швейцарийн L’Epée, Германы Hermle брэндүүдээс сонголтоо хийх боломжтой. L’Epée нь Английн Диана гүнж, хун тайж зэрэг ихэс дээдсүүдэд цор ганц ширхэгийг захиалгын ширээний цаг хийдэг high luxury зэрэглэлд тооцогддог бол Германы Hermle нь сонгодог хөгжим эгшиглэдэг ханын цаг үйлдвэрлэдэг luxury зэрэглэлийн үйлдвэрүүд бөгөөд бид эдгээр брэндүүдтэй хамтран ажиллаж байна.
Монгол дизайн, Швейцар чанар: Гэр бүлийн баяр, байгууллага хамт олны ой, ургийн баяр эсвэл ажлын өрөөндөө зориулан та хүссэн загвар хэмжээгээрээ өөрийн гэсэн цор ганц дизайнтай бугуйн, ширээний мөн ханын цагаа захиалах боломжтой. Өөрөөр хэлбэл энгийн логотой бугуйн цагнаас эхлээд, алтаар бүрсэн, үнэт метелл бүхий цор ганц өвөрмөц цагнуудыг захиалгаар хийх боломжтой юм. Жишээ нь уул уурхайн компаниудын өндөр цогцолборуудад байрлуулсан мөн, Швейцар хөдөлгүүр суурилуулсан өвөрмөц цагийг үүнд дурдаж болох юм.
Тусгай загвараар Швейцарь улсад "ХУРАНДАА ТАНАА" цагийг 222 ширхэг үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ хүргэж байна.
Мөн түүнчлэн БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ ЦАГ ЗАСВАРЫН БОЛОН ҮЙЛДВЭРИЙН БАТАЛГААТ ҮЙЛЧИЛГЭЭГ мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэх хүсэлтэйгээр ажиллаж байна. Мэргэжлийн цаг засварын үйлчилгээ: Бид мэргэжлийн цаг засварын үйлчилгээ явуулахаас гадна, швейцарт үйлдвэрлэсэн баталгаатай зай, оосор оруулж ирдэг. Цаг, сэлбэг хэрэгслийн захиалгат үйлчилгээ: Швейцарт байдаг байнгын төлөөлөгчөөрөө дамжуулан, монголд борлуулдаггүй ч таны хүссэн брэндийн цаг, цагны дагалдах хэрэгслүүд, сэлбэгийг нийлүүлэх боломжтой. Одоогоор Channel, Armani, Hugo Boss гэх мэт брэндүүдтэй байнгын холбоотой ажиллаж, оосор, шил, түлхүүр, зэрэг хэрэгслүүдийг захиалгын дагуу нийлүүлж байна.
-Та хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн “Шинэ-Цахлай” компанийг байгуулан цагны цогц үйлчилгээг амжилттай хийж явна. Таны дараагийн зорилго, алсын хараа ямар ажил байгаа вэ?
Цаг засвар гэдэг их айлын үүдийг татсан би их азтай хүн. Олон мөрөөдлийн маань нэг болох боломжийн үнэтэй Швейцар цаг эх орондоо оруулж ирэх байлаа. Энэ хүсэл маань биеллээ. Харин дараагийн мөрөөдөл, зорилго маань Монголын Мэргэжлийн Цаг Засварчдын холбоотойгоо хамтран мэргэжлийн цагчид сургаж, дараачийн үеэ бэлтгэх. Практик онол хосолсон сургалт хийж, ирээдүйн мэргэжлийн цагчдаа бэлдэх, сургалтын дипломыг улсад хүлээн зөвшөөрүүлэх гэх зэрэг нэн тэргүүний шаардлагаас үүдсэн хэд хэдэн төлөвлөгөөгөө дараагийн шатанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Бид цаашдаа Швейцарын цаг засварын холбоотой хамтарч ажиллахаар яриа хэлэлцээр хийж байна. Манай компаний нэг давуу тал Женевт суурин төлөөлөгчтэй учраас, хэрэглэгчдийнхээ захиалсан болон борлуулж буй цагныхаа засварын сэлбэг, хэрэгслийг шууд үйлдвэрээс нь богино хугацаанд нийлүүлдэг. Манайхны хэлдгээр, буух эзэн буцах хаяг нь тодорхой мэргэжлийн байгууллага учраас цаг авсан хүмүүс сэтгэл хангалуун үйлчлүүлдэг юм.
Социалист нийгмийн үед аймаг бүрт цаг засварчин байлаа. Харин одоо мэргэжлийн цагчидтай аймаг сум гэж алга. Орон нутгийн иргэд маань засуулах цагаа хот орж ирэхээрээ бөөнд нь барьж ирж засуулж байна, эсвэл хүнээр дайж өгч явуулж байна. Үүнийг л улс бодлогоороо дэмжиж ажиллах ёстой санагдах юм. 1974 оноос хойш ОХУ-ын Ярославль хотод 5 төгсөлтийн 120 төгсөгчдийн нэг болох би, хагас зуун жил энэ мэргэжлээрээ зогсолтгүй ажиллаж асар их туршлага хуримтлуулсаных одоо мэддэг чаддаг бүхнээ зааж сургаж дараагийн үеэ бэлдэх хэрэгтэй байна.
Аливаа гоёмсог барааг худалдан авахад амархан. Тэр дундаа цаг худалдаж авахад бүр ч амар, авсаархан хялбар. Гэтэл цаг маань бусад эдлэл шиг худалдаж авсны дараа зүгээр л хадгалаад байж болдоггүй эд. Тодорхой хэмжээгээр заавал эд ангийг нь угаах, зайг нь солих гэх мэтийн үйл ажиллагаа шаардагддаг онцлогтой. Тиймээс аливаа цагийг худалдаж аваад, түүний борлуулалтын дараах үйлчилгээг хэрхэн хариуцаж байгааг худалдан авахаасаа өмнө заавал сайн лавлаж байж сонголтоо хийж байхыг уншигчдадаа захимаар байна. Нандин сайхан эд зүйлээ зөвхөн мэргэжлийн хүмүүсээс худалдан авч, үйлчилгээ хийлгэж байгаарай.
Холбоо барих утасны дугаар:
- 99148100- Цаг завсар
- 91917680- Борлуулалт
Дэлгүүрийн хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар, урд хаалга