2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2022.04.27

2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.26) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварт цар тахлын тархалт 2022 он гарснаар эргэн идэвхжиж, үүнтэй зэрэгцэн ОХУ болон Украин улсын хооронд нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсад эдийн засаг, хэрэглээний үнийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлж буй учир 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байгааг тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг нэн яаралтай хэлэлцэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Төрийн хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө гэв.

Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгасныг онцолсон юм.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсооно. Мөн нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлнэ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан.

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Н.Ганибал, Б.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асуун, үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Гишүүдийн зүгээс төсвийн тодотголын хүрээнд дуудлага худалдаагаар худалдах суудлын автомашины тоо болон агентлаг, төрийн өмчит компанийн удирдлагын орон тооны хязгаарлалтаар нийт хэчнээн хүнийг цомхотгохоор болсныг тодрууллаа. Мөн төсвийг хэмнэхийн зэрэгцээ шаардлагатай зардал нэмэгдүүлэх арга хэмжээнд зарцуулах мөнгөн дүнг лавлаж байв.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа, төсвийн тодотголын хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Үндэсний статистикийн хорооноос нийт 9800 автомашин төрийн байгууллагуудад бүртгэлтгэй байгааг мэдээлсэн бөгөөд үүнээс 4317 тусгай хэрэгцээт байгууллагын чиг үүргийн хүрээнд ашигладаг. Үлдсэн 5562 машиныг албан тушаалын болон албан ажлын ангилалд хэдэн машин байгаагийн зааг ялгааг гаргах улмаар албан тушаалын ангиллын машины тоог бууруулна. Харин жолооч нарын тухайд цаашид ямар хэлбэрээр зохион байгуулалтад оруулах талаар судалж байна гэсэн тайлбарыг өгсөн.

Мөн тэрбээр, төрийн захиргааны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компанийн дэд дарга, орлогчийн орон тоог хязгаарлах хүрээнд Засгийн газрын агентлагийн дэд дарга, орлогчийг 37-оор, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогчийг 21-ээр, сум, дүүргийн Засаг даргын орлогчийг 22-оор бууруулахад нийт 80 хүнээр орон тоог багасаж, улсын төсвөөс 1,3 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан. Үүнээс гадна орон нутгийн болон төрийн өмчит компанийн дэд дарга, орлогчийн орон тоог ойролцоогоор 270-аар бууруулна гэв.

Энэ удаагийн төсвийн тодотголын төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 516,9 тэрбум, урсгал зардлаас 103,6 тэрбум, нийтдээ 620.5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийсэн. Харин арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 100 тэрбум, зарим иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоход 150,8 тэрбум, төрийн үйлчилгээний цалинг нэг шатлалтай болгоход 34 тэрбум, дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжих, хүүгийн татааст 60.3 тэрбум, орон нутагт орон сууц авах иргэдэд зээлийн урьдчилгаа хөнгөлөлтөд 30,1 тэрбум нийтдээ 375.2 тэрбум төгрөгийн зардал нэмэгдсэн гэдгийг Сангийн дэд сайд хариултдаа тодотгосон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Т.Аубакир нарын зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.