Хотын дарга Их Британийн Парламентын гишүүн, Худалдааны элчийг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон болон Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински нартай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Хотын дарга Монгол Улс, ИБУИНХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж буй бөгөөд цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байгааг онцлов. Тэрбээр мөн Улаанбаатар хот болон дагуул хотуудад олон улсын стандартад нийцсэн санхүүгийн төв байгуулахад шаардлагатай эрх зүйн орчин, дэд бүтцийг бий болгох чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Түүнчлэн хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, явган зам, дугуйн замын төлөвлөлт, тохижилтын ажилд ашиглаж буй Лондон хотын дэвшилтэт технологи, туршлагыг судалж, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлж ажиллах саналтай байна гэлээ.
Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински Монгол Улсыг Их Британийн хувьд стратегийн чухал түнш гэдгийг онцлоод, 2023 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол, Их Британи төдийгүй Улаанбаатар, Лондон хотууд хоорондын харилцааг улам бүр бэхжүүлж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн уулзалтын үеэр дурдсан хамтын ажиллагааны асуудлыг судалж, дэмжиж ажиллана гэлээ.