Э.Бат-Амгалан: Дотооддоо санал, шүүмжээ хэлэлцсэн хурал болж байна
Нийслэлийн МАН-ын 35 дугаар Бага хурал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай ярилцлаа.
-Бага хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэж байна вэ?
- Энэ удаагийн Нийслэлийн МАН-ын хорооны 35 дугаар Бага хурал тун онцлогтой болж байна. Нийслэлийн МАН-ын 66 мянга гаруй гишүүдийн төлөөлөл болж намын анхан шатны байгууллагууд буюу хорооны намын хороо, дүүргүүдээс сонгогдсон бага хурлын 499 төлөөлөгч өнөөдрийн хуралд оролцлоо.
Хүний эрх, эрх чөлөө, дотоод санал, шүүмжээ ил тод ярилцсан хурал болж байна. Өнөөдөр Нийслэлийн МАН-ын даргаар Долгорсүрэнгийн Сумъяабазарыг улираан сонголоо.
- Нийслэлд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдэх гаргалгааг хэлэлцэж чадсан уу?
- Нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь оршин сууж байна. Эрдэмтэн, судлаачид, иргэд, сонгогчдын хүсэн хүлээж байгаа маш олон асуудал бий. Нийслэл хотын иргэд, сонгогчдод тулгамдсан гол асуудал бол түгжрэл. Тэдгээр асуудлыг эрэмбэлж байгаад нэн шаардлагатай, тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулан ажиллана.
Өнөөдрийн Бага хурлын гол уриа бол НЭГ БАГ. Нэг баг маань шинэ алхам хийж, шинэ нийслэлийнхээ төлөө ажиллах үндсэн зарчимтай.
МАН-ын 30 дугаар Их хурлаар танилцуулсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлд хэд хэдэн чухал ажлуудыг хийнэ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхэллээ.
Эдгээр хуулийг баталснаар УИХ, Засгийн газар, нийслэлийн түвшинд, бүр цаашилбал дүүрэг, орон нутгийн түвшний төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах боломж бололцоог нээсэн томоохон алхам болсон.
- Өмнөх Засгийн газруудын үед нийслэлээс сонгогдсон гишүүд тус тусдаа хууль санаачилдаг байсан. Энэ удаагийн баг бүрэлдэхүүн хэр нэгдмэл ажиллаж байна вэ?
- Би нэг л жишээ дурдъя. УИХ-д нийслэлээс сонгогдсон 24 гишүүн бий. 22 гишүүн нь МАН-ын гишүүн бөгөөд ХҮН-аас Т.Доржханд, АН-аас С.Одончимэг гишүүн байдаг. Энэ удаад нам харгалзахгүйгээр нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулан, миний бие ахалж байна. Бид нам харгалзахгүй, улс төржихгүйгээр нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудын төлөө хамтран ажиллаж байгаа.
- Нийслэлээс улсад төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд зориулахаар болсон. Үүний үр дүнг яаж харж байна вэ. Мөн нийслэлийн удирдлагууд хууль тогтоох дээд байгууллагатайгаа хэр уялдаа, холбоотой ажиллаж байгаа вэ?
- Засгийн газрын зүгээс нийслэлийн удирдлагуудыг маш их дэмжиж байгаа. Ерөнхий сайд болон Засгийн газрын дэргэд Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулан, эрдэмтэн судлаачдаар багаа бүрдүүлсэн. Сүүлийн 30 жилд УИХ, Засгийн газар нь нийслэлтэйгээ хамтарч ажиллаж байсан тохиолдол байхгүй гээд хэлчихэд буруудахгүй.
Харин 420 тэрбум төгрөгийг хотын бүх асуудалтай харьцуулж үзвэл энэ мөнгөн дүн хаана нь ч хүрэхгүй. Бид энэ мөнгийг авлига, хээл хахууль болон бусад зүйлсээс ангид байлгаж, олон нийтэд нээлттэй, ил тод зарцуулна.
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, метро чухал үүрэгтэй. Эдгээр төслүүд судалгааны шатанд явж байгаа. Нийслэлийн төвлөрлийг задлахад чиглэсэн онцлох төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын зүгээс хууль, эрх зүйн хүрээнд нь дэмжлэг үзүүлнэ. Түр хорооны хувьд УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан.
Уг Ажлын хэсгийн зүгээс Улаанбаатар хотын хийж гүйцэтгэх ажлыг дэмжих, бодлогоор хангах, хяналт тавих байдлаар хамтран ажиллана