М.Энхболдын "хойд дүр"
2021.06.15

М.Энхболдын "хойд дүр"

News агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 буландаа УИХ-ын сонгуулийн 14-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Ж.Батжаргалыг онцолж байна.

Монгол ардын намын том лидерийн нэг УИХ-ын гишүүн асан М.Энхболдын орон зайг эзэлж, Төв аймгаас сонгогдсон Ж.Батжаргалын хувьд эдийн засагч мэргэжилтэй. Насаараа Төв аймагтаа ажиллаж амьдарч, 2016 оноос Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, бэлтгэгдсэн боловсон хүчин. Ажлын гараагаа Баян-Өнжүүл сумын Хаан банкинд эдийн засагчаар эхлүүлж байгаад сумынхаа Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байгаад 2012 оны Орон нутгийн сонгуульд аймгийн ИТХ-д дэвшиж, 2016 оноос мөн аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан.

1990 оноос хойш 20 гаруй жилийг Баян-Өнжүүл сумандаа ажиллаж, амьдарсан учраас түүнийг Өнжүүлийн Ж.Батжаргал гэж нутгийнханд нь таньдаг. Аймгийнхаа улс төрд орж ирсэн цагаасаа ч тэрбээр Төв аймгийн МАН-ын дэд дарга, аймгийн ИТХ дарга гээд намын доод албанд олон жил зүтгэсэн нэгэн.

2020 оны УИХ-ын сонгуульд хэзээнээсээ улаан гэгддэг Төв аймгаас хэн сонгогдох, УИХ-ын гишүүн асан М.Энхболд өрсөлдөх үү гэдэг таамаг хөврөх үед Ж.Батжаргалын нэр яригдаж эхэлсэн бөгөөд түүнийг М.Энхболдын “халааг” авах таамаг өрнөж байсан.

Түүгээр зогсохгүй Төв аймгийнхан түүнийг М.Энхболдын хүн гэх нь бий. Тиймээс ч 2016 оны сонгуулийн дараа аймгийн Засаг даргаар томилсон гэдэг. МАН 2020 оны УИХ-ын сонгуульд орон нутагтаа олон жил ажилласан, намдаа “үнэнч” хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлсний нэг нь Ж.Батжаргал.

Төв аймгийн Заамар сумыг дагасан уул уурхайн компаниудтайгаа дорвитойхон тэмцэж, ажил хэрэг болгож чаддаггүй хэмээн шүүмжлүүлэх нь олон.

Нэг хэсэг “Эко Алтан заамар” компанид асуудал гарч, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлтийг холбогдох яамдаас нь өгсөн ч Засаг дарга Ж.Батжаргал цуглуулж чадахгүй, хүчин мөхөсдсөн гэдэг. Ийн шалтгаан нь тус компанийн зөвшөөрлийг нь үзэглэж өгсөн учраас ажил хэрэг болгож чадаагүй гэх яриа ч бий. Ж.Батжаргал насаараа нам, төрд зүтгэсэн учраас бизнес гээд байх зүйлгүй. Гэхдээ Засаг дарга нарыгаа бодвол өндөр орлоготойд тооцогдож байсан бөгөөд жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой, 160 сая төгрөгийн хоёр орон сууцтай. 141 сая төгрөгийн малтай Засаг дарга 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ даруухан ХОМ бөглөжээ.

УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш Ж.Батжаргал тодорч, улстөрчийн ажилдаа орсон зүйл өнөөдөр алга. Танхимын хэдэн гишүүдтэйгээ хэд хэдэн хууль санаачилсныг эс тооцвол.

Хамгийн сүүлд тэрбээр Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэсэг гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн бөгөөд уг төслөөр ажил олгогч, даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9,5 хувийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус бүр 8,5 хувь болгож, бууруулах зохицуулалттай.

Ирэх дөрвөн жилд танхимынхаа нөхдөөс тодорч гарч ирэх үү, орон нутгийн улс төрөөсөө гарч чадахгүй үлдэх болов уу, Ж.Батжаргал гишүүн.

Ж.Батжаргалын намтар

Төгссөн сургууль, мэргэжил: 

1986 ондТөв аймгийн Зуунмод сумын 2 дугаар дунд сургууль
1990 ондМУИС, банкны эдийн засагч
1996 ондУдирдлагын академи, төрийн удирдлагын менежер

Ажилласан байдал: 

  • 1990-1991 ондТөв аймгийн Баян-Өнжүүл сумын Хаан банканд эдийн засагч
  • 1991-1992 ондБаян-Өнжүүл сумын АДХГЗ-нд орлогч дарга
  • 1992-1994 ондБаян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч
  • 1994-1996 ондБаян-Өнжүүл сумын ЗДТГ-т байгаль орчны хяналтын байцаагч
  • 1996-2000 ондБаян-Өнжүүл сумын ИТХ-ын дарга
  • 2002-2012 ондТөв аймгийн ИТХ-ын дарга
  • 2012-2016 ондАймгийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2016-2020 ондТөв аймгийн Засаг дарга
  • 2020 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн