БНАСАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав
2009.09.15

БНАСАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пак Жөн До-г эх орондоо бүрмөсөн буцах болсонтой холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

2004 оноос өнөөг хүртэл Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллах хугацаандаа өндөр дээд хэмжээний олон айлчлалыг амжилттай хэрэгжүүлж, айлчлалын үеэр ярьж тохирсон асуудлыг ажил хэрэг болгох, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг УИХ-ын дарга өндрөөр үнэлж буйгаа уулзалтын эхэнд онцлон тэмдэглэлээ.

Тэрээр, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа идэвхжиж, харилцан төлөөлөгчид солилцох явдал нэмэгдэж, олон улсын тавцанд бие биеийн байр суурийг дэмжиж хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Мөн 2007 онд БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намын Монгол Улсад хийсэн нь албан ёсны айлчлал хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн шинэ төлөвийг нээсэн чухал айлчлал болсныг дурдаад айлчлалын хүрээнд хийгдсэн хоёр орны засгийн газар, яамд хоорондын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрүүд амжилттай хэрэгжиж, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, далайн тээврийн салбарт ахиц дэвшил гарах эрх зүйн орчин бүрдсэнийг онцлон хэлсэн юм. Элчин сайдыг монгол орныг сайн мэддэгийн хувьд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр нутагтаа очоод ч өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа УИХ-ын дарга илэрхийлээд, БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок-т өөрийн мэндчилгээг уламжилж өгөхийг хүслээ.

БНАСАУ-ын Элчин сайдын яамыг 2004 оны 8 сард Улаанбаатарт сэргээн нээснээс хойш Элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол Улсын Их Хурал хоёр орны уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж хамтран ажиллаж ирсэнд талархаж буйгаа Пак Жөн До илэрхийллээ. Түүнчлэн хоёр орны өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын үеэр хийгдсэн гэрээ хэлэлцээрийн дүнд шинэ үеийн шаардлагад нийцсэн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж харилцан итгэлцэл бий болж цаашдын хамтын ажиллагааны зорилт тодорхойлогдсоныг тэрээр хэлсэн. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон улсын тавцанд ч сайнаар хөгжиж байна гээд цаашид хагас зуу гаруй жилийн түүхтэй найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь бидний хувиршгүй байр суурь байх болно гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.