Ерөнхий сайд С.Баяр элэгний С вирусийн эмчилгээ хийлгэж байна
Ерөнхий сайд С.Баярын эрүүл мэндийн талаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Ш.Энхбат, Нэгдсэн II эмнэлгийн дарга Г.Баясгалан, ЗГХМА-ын дарга Л.Нинжжамц нар бүхий албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Солонгос улс руу нурууны гэмтлээ эмчлүүлэхээр явсан ч шинжилгээний хариу элэгний С вирус нь идэвхижсэн, эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн гарчээ. Үүний улмаас Ерөнхий сайд хоёр хоногийн өмнө элэгний С вирусийн эмчилгээнд орсон байна. Эмчилгээ нь энэ сарын 21-нд дусаад, шууд ажилдаа орох юм байна.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа мэдээлэл хийх үеэрээ ерөнхий сайд байхгүй байгаа ч Засгийн газрын ажил хэвээр үргэлжилж байгаа хэмээн онцоллоо. Мөн эрүүл мэндийн сайд “Ерөнхийлөгчийн нурууны гэмтэл бүрэн эдгэсэн, харин хөлний зөөлөн эдийн гэмтэл сайн эдгээгүй байгаа. Ачаалал ихтэй ажиллаж байгаа нь түүний элэгний C вирүс идэвхижсэн гол шалтгаан болж байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулсан байна” хэмээн хэллээ. Ерөнхий сайд С.Баяр хоёр Засгийн газар толгойлох хугацаанд нийтдээ тав хоног амарсан билээ.
Харин эмчилгээний зардлаа Ерөнхий сайд өөрийн хувийн зардлаас гаргаж байгаа юм байна. Хэрэв улсаас гаргах бол Засгийн газрын хуралдаанаар шийддэг ёстой ажээ.