“Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдаж буй Баянгол дүүргийн сурагчидтай ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа уулзлаа
2021.11.25

“Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдаж буй Баянгол дүүргийн сурагчидтай ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг УИХ, Тогтвортой Хөгжлийн Зорилгын дэд хороо, Парламентын Судалгааны Хүрээлэн, НҮБ-ын “Хүүхдийн сан”, “People in Need” байгууллагуудтай хамтран орон даяар хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн “Өсвөрийн парламент”-ийн сурагчид “Орон нутгийн ногоон хөгжлийн бодлого”, “Хүүхэд залуусын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрүүд”-ийг дүүргийн ИТХ-ын даргад танилцуулж, дараах чиглэлд дэмжин ажиллахыг хүссэн юм.

Б.Сэмжидмаа: “Хүүхдийн өөрийн удирлагын байгууллага байгуулагдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилго, зорилтоо тодорхойлж, нийгэм олон нийтэд чиглэсэн ажлууд санаачлан ажиллаж буйд баяртай байна. Дүүргийн ИТХ-аас хүүхэд залуусын хөгжлийг дэмжих бодлого шийдвэр гаргахдаа та бүхний танилцуулж буй хамтын ажиллагааны чиглэлүүдэд ээлтэй, мэдрэмжтэй хандаж, боломжит хэлбэрээр дэмжин ажиллахаа илэрхийлье” гэв.

 

Баянгол дүүргийн "Өсвөрийн парламент"-ын гишүүд дараах хамтын ажиллагааны саналыг танилцууллаа.

Үүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлт, агаар хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дүүргийн хэмжээний хүүхэд, залуучуудын чуулганыг жил бүр зохион байгуулах, зохион байгуулалтад хүүхэд залуусыг оролцуулах
  • Хүүхэд, залуучуудын сайн дурын санал санаачилгыг дэмжиж, нөлөөлөл, идэвхжүүлэлтийн ажлыг жилд нэг удаа зохион байгуулах
  • Нийтийн мод тарих өдрийг YOUCCAN сүлжээ, Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүдийн хамт зохион байгуулах, арчилгаа усалгааны ажлыг хүүхэд, залуучуудыг оролцуулан хийх
  • Иргэд болон хүүхэд, залуучуудын дунд цаг үеийн судалгаа явуулахад хамтран ажиллах, агаар, орчны бохирдлын талаарх мэдээллийг хамтран түгээх
  • ЕБС-ын сургууль болон МСҮТ, Коллежууд дахь эко клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эко клубгүй сургуулиудад клуб үүсгэн байгуулах
  • Хог ангилан хаях тухай боловсролыг ЕБС, МСҮТ, Коллежийн хүүхэд залуучуудад тэгш олгон, сургуулийн орчинд хог ангилан хаядах дадал эзэмшүүлэхэд туслалцаа үзүүлж, хяналт тавих
  • Нэг удаагийн хуванцар эд зүйлсийг сургууль, ажлын орчинд хэрэглэхгүй байх аяныг дүүрэг, хороодод уламжлал болгох.
  • “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн зорилго нь:
  • Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх
  • Өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй, дэлхийн иргэн болгож төлөвшүүлэхэд оршино.