Б.Цэнгэл:

Өмчийн хэмжээ бус үр өгөөж нь илүү чухал


14 минут уншина
Б.Цэнгэл: Өмчийн хэмжээ бус үр өгөөж нь илүү чухал

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 25 жилийн ой тохиож байна. Тус газрын дарга Б.Цэнгэлтэй төрийн өмчийн өнөөгийн байдал хийгээд байгууллагынх нь зорилтын талаар ярилцлаа. 

Энэ жил танай байгууллагын 25 жилийн ой болж байна. Ярилцлагаа эхлэхээс өмнө танд 25 жилийн ойн мэндийг хүргэе?

Баярлалаа. Танд бас Монгол хүн өмчтэй болсны түүхт ойн мэнд хүргэе. Яагаад гэхээр Цэнхэр, ягаан тасалбараар монголчууд хувийн өмчтэй болсон нь саяхных мэт санагдавч хэдийнээ 30 жил болжээ. Тэгэхээр Улсын Бага Хурлын 1991 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан БНМАУ-ын өмч хувьчлах хуулийг хэрэгжүүлэхдээ нийгмийн бүх хүрээг хамарсан нөр их ажлын 30 жилийн ой энэ жил давхар тохиож байна.

Танай байгууллагын энэ түүхийг “Өмчлөх эрхийн төлөө 25 жил” гэж итгэлтэйгээр дүгнэж болох уу?

Анх байгуулагдахдаа үндсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд 70 жилийн турш бий болгосон нийтийн өмчийн дийлэнх хэсгийг шударгаар хувьчлах асуудал байсан. Тиймээс Монгол хүн бүр өмч хувьчлалд оролцохдоо гарааны ижил нөхцөлтэй байх, иргэн бүрд нийтийн өмчөөс хувь авах боломжийг бий болгох зорилгоор өмч хувьчлалын эрхийн бичиг олгох хэлбэрийг сонгосон байдаг. Хэдийгээр өмч хувьчлал алдаа оноотой өрнөсөн ч эцсийн дүндээ хүний жам ёсны эрх болох хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засаг бүхий өнөөгийн нийгмийн үндсийг бүрдүүлсэн.

Мөн Монгол Улс өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрч, 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд төрийн болон орон нутгийн өмч, хувийн болон нийтийн өмчийн эрх зүйн зааг ялгааг тодорхой зааж өгсөн юм. Ингээд 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг баталж, мөн оны 07-р сарын 31-ний өдөр Төрийн өмчийн хороог байгуулах тухай Засгийн газрын 177 дугаар тогтоол гарснаар төрийн өмчийг хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулагдсан. Энэ жил 25 жилийн ой тохиож байна.

Тухайн үед Төрийн өмчийн хороог байгуулснаар Монголын төр хэчнээн хэмжээний өмч хөрөнгөтэй вэ гэдгээ тоолж бүртгэж авсан нь том амжилт байлаа.

Нийтдээ хэчнээн төгрөгийн үнэлгээтэй төрийн өмч хувьчлагдсан байдаг вэ?

Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 1990- 1991 оны заагт төрийн өмчид байсан нийт үндсэн хөрөнгийн 44 хувь буюу 22 тэрбум орчим төгрөгийн өмчийг хувьчлах зорилт тавьсан байдаг. Ард иргэдэд тараасан 19.8 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэлгээ бүхий 1.9 сая гаруй ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг өмч хөрөнгөөр баталгаажуулах нь хувьчлалын ажлын эхний шатны зорилт байсан.Энэ хүрээнд нэг сая 161 мянга 468 иргэн Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшигч болсон түүхтэй.

1992 онд байгуулагдсан Монголын хөрөнгийн биржээр дамжуулан улсын 241 үйлдвэрийн газрыг бүрэн хувьчилж, мөн 234 үйлдвэрийн газрын хувьцааны зарим хэсгийг хувьчлан арилжаалсан юм билээ. Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 476 компани хувьчлагдсан. Үүнээс одоогоор Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд 251 компани бүртгэлтэй, 225 компани аж ахуйн нэгжийн хэлбэрээ өөрчилж, төвлөрсөн хадгаламжийн бүртгэлээс хасагдсан байна.

Хөдөө аж ахуйн нэгдлийн хувьчлалд 267 нэгдэл, тэдгээрийн дундын 20 гаруй аж ахуйн нэгжийг хамруулахаар төлөвлөж тухайн үеийн үнээр нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр тасалбараар, 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан тасалбараар нэгдлийн гишүүдэд нь хувьчилжээ. Үйлдвэр, аж ахуйн нэгжийг хувьчлахаас гадна хөдөө аж ахуйн нэгдлийн өмч байсан зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө, түүний дотор мал сүргийг нэгдлийн гишүүд, малчдад хувьчилснаар малчин өрхийн тоо эрс нэмэгдэж 1989 онд 69 мянган малчин өрх бүртгэгдэж байсан бол 2020 оны байдлаар 181 мянган малчин өрх, 67 сая тоо толгой малтай болсныг статистик мэдээллээс харж болно.

Хувьчлагдсан төрийн өмчүүдийн судалгаа байдаг уу? Уншигчид энэ талаар сонирхоно гэж бодож байна?

1991-1995 онд хувьчлагдсан 774 хуулийн этгээдийн судалгааг гарган Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан бүртгэлтэй эсэх, одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодруулахад 340 хуулийн этгээд буюу 43.9 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа; 261 хуулийн этгээд буюу 33.7 хувь нь татан буугдсан; 124 хуулийн этгээд буюу 16 хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй; 49 хуулийн этгээд нь огт бүртгэлгүй байна. Цаашдаа төрийн өмчийн асуудал дээр мэргэшсэн боловсон хүчнүүдийнхээ хамт байгууллагынхаа цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлогын реформ төлөвлөж байна.

Төрийн өмч үнэгүйддэг, ашиггүй ажилладаг, шахааны “бай” болдог гэх шүүмжлэл байнга дагадаг шүү дээ. Магадгүй төр өмчтэй байх хэрэггүй ч гэж үзэх нь бий. Цаашид төр өмч хөрөнгөтэй байх хэрэгцээ шаардлага бий юу?

Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хувьчилж болох бүхнийг хувьчилсан. Магадгүй тухайн үед төрийн болон нийтийн өмчийг хувьчлах, худалдах, зарж борлуулах хандлага илүүтэй баримталж ирсэн байх. Харин одоо төрийн болон нийтийн хэрэгцээнд юуг авч үлдэх вэ гэдгийг анхаарах цаг болжээ.

Төрийн өмчит байгууллагуудыг шүүмжлэлд өртүүлдэг гол асуудал нь “алдагдал”. Үүнийг арилгахын тулд хууль эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгаа юм. Учир нь төрийн өмчит компани зохицуулалттай зах зээл буюу Засгийн газрын оролцоотойгоор үнийн бодлогыг тогтоож байгаа учраас алдагдалд орох шалтгаан болдог.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудыг төрийн өмчит компаниудад шууд эзэмшихээр тогтоож байгаа нь тухайн хөрөнгө оруулалт өр төлбөр болж бичигддэг. Энэ мэтчилэн төрийн өмчит компаниуд тэрбумаар хэмжигдэх өр төлбөртэй болж байгаа нь хууль эрх зүйн орчны дутмаг байдлаас үүдэлтэй. Тиймээс манай салбарт хамааралтай хууль, дүрэм, журмыг өөрчлөх, шинэчлэх хэрэгцээ шаардлага бий.

Төрд одоо ямар өмч хөрөнгө байгаа вэ. Төрийн өмч ашигтай ажиллахын тулд юу хийх ёстой вэ?

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 100 гаруй, орон нутгийн өмчит 300 орчим компани аж ахуй нэгж бий. Ер нь төрд орон нутгийн төрийн захиргааны барилга байгууламж, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг нийгэм соёлын дэд бүтэц хамаардаг. Мөн улс орон нутгийн чанартай зам, гүүр, дулаан, цахилгаан эрчим хүч, нийтийн үйлчилгээний суурь бүтэц зэрэг хатуу дэд бүтэц хамаарна. Үндсэндээ улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулсан бүхэн төрийн өмчид хамааралтай байдаг.

Өнөөдөр Монгол Улс нэгдмэл улс боловч өмчийн хувьд олон эзэнтэй, нэгдмэл бодлого, төлөвлөлтгүй явж ирлээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар Монгол Улсын төр болон орон нутгийн засаг захиргааны нэгжүүд тус бүрдээ өөрийн өмчийг өмчилж, захиран зарцуулах бүрэн эрхтэй.

Төрийн өмчийн хувьд Монгол Улсын Их Хурал, орон нутгийн өмчийн хувьд тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал өмчлөгчийн буюу эзний үүргийг гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд УИХ, Засгийн газрын томоохон эдийн засгийн ач холбогдол бүхий шийдвэрүүд, орон нутгийн өмчийн асуудлаас болж гацах, бүрмөсөн хэрэгжихгүй болох асуудал ч байна.

Зардлуудыг хэмнэх боломжууд бий юу?

Бид төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх үүднээс хяналт тавин ажилладаг. Төрийн байгууллагуудын байшин барилга, түүний засвар үйлчилгээний зардал, төрийн албан хаагчид, албан тушаалтнуудын машин техник, тэдгээрийн ашиглалт, хэрэглээний талаар олон нийтийн зүгээс шүүмжлэл гардаг.

Тиймээс эдгээр асуудлыг цаашид үе шаттайгаар цэгцэлж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллах ёстой. Ер нь төрийн болон орон нутгийн засаг захиргааны өмч хөрөнгө их, бага гэхээс илүүтэйгээр хөрөнгийн өгөөж, үр ашиг нь ямар нөхцөлд Монгол Улсын иргэд болон тухайн орон нутгийн оршин суугчдад илүү хүртээмжтэйгээр хүрч байна вэ гэдэг шалгуурыг чухалчлах нь зөв.

Цаашид төрийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, улс орны хэмжээнд нийт иргэдийн нийтлэг хэрэгцээ, шаардлага, ашиг сонирхлыг хангах, байгалийн баялгийн өгөөжийг шударга, тэгш хуваарилах чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд төр өмчтэй байх хэрэгтэй. Ингэхдээ төрийн өмчийн ашигт ажиллагааг өсгөхийн тулд хувийн хэвшлийн оролцоотойгоор зах зээлийн зарчмаар ажиллах боломжийг олгох учиртай. Өөрөөр хэлбэл, хэдийгээр төрийн өмч боловч чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллахад нь төр аль болох оролцохгүй байх зарчим барих ёстой юм.

Та түрүүн хууль журмыг шинэчлэх шаардлага гарч байна гэлээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд ямар бэрхшээл байгаа юм?

Өнгөрсөн хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийг удирдаж ирсэн эрх зүйн зохицуулалт цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна. Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байна. Өнгөрсөн онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж, түүнд нийцүүлэн хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон.

Энэ хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компани, хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байна. Бид Төрийн өмчийн талаар тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж, цаашид хууль эрхзүйн хүрээнд шинэчлэн боловсронгуй болгох асуудлууд дээр нухацтай ажиллаж байгаа.

Тэгвэл хууль, тогтоомжид оруулах өөрчлөлт болон бодлого, зорилтоосоо нэн тэргүүнд хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж болох уу?

Төлөвлөгдөж байгаа олон ажил бий. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн өмчит хуулийн этгээдэд компанийн засаглалыг хөгжүүлэх, төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих замаар үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, төрийн өмчит компаниудын ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангахыг зорилго болгон ажиллаж байна.

Ер нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдсанаасаа хойш нийт 29 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 219 зүйл, хэсэг, заалт өөрчлөгдсөн байдаг. Гэвч эдгээр нэмэлт өөрчлөлт нь салбарын бусад хуулиудын шинэчлэл, тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлт байдаг юм.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэ агуулгад нийцүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад төрийн болон орон нутгийн өмчийн нэгдмэл, харилцан уялдаа бүхий хэлбэрийг бий болгох зохицуулалт оруулж, цаашид улс орны хэмжээний томоохон хөрөнгө, оруулалт бүтээн байгуулалтын шинжтэй асуудалд төр, орон нутгийн хамтын ажиллагааны зарчмыг тодорхой тусгах нь зөв гэж харж байна.

Мөн Төрийн өмчит компанийн өмчлөлийн хэлбэрийг оновчтой болгох, засаглал, ашигт ажиллагааг сайжруулах, удирдлагыг сонгон шалгаруулж томилох ёстой. Түүнээс гадна төрийн өмчийн бүртгэл, тооллогыг цахимжуулах, ашиглалтад хяналт тавих ажлыг шинэ шатанд гаргах хэрэгтэй. Тухайлбал, төрийн байгууллагуудын автомашины хэрэглээг оновчтой болгож, түрээсийн хэлбэрт оруулж болох юм. Түүнчлэн төрийн өмчид суурилсан байгууллагуудын статус, хэлбэрийг оновчтой болгох гэх мэт олон ажлуудыг төлөвлөөд байна.

Алдагдсан төрийн өмчүүдээ буцааж авах тал дээр анхаарч байгаа юу?

Төрийн өмчийн хороог тодорхой хугацаанд татан буулгах зэргээр хүчгүйдүүлж байгаад төрийн өмч хөрөнгийг хувьдаа авах, хувьчлах явдал гарсныг үгүйсгэх аргагүй. Бид өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хяналт шалгалт хийх,судлах, бусад эрх бүхий байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилласны хүчинд нааштай үр дүн гарч байгаа. Зарим асуудал хууль хяналтын шатанд явж байгаа учраас нийтэд мэдээлэх боломжгүй байдаг. Харамсалтай нь манай ганц нэг улс төрчид үүнийг ойлгохын оронд өөрийн пиар болгон явцуурч байгаа нь хэргийг шийдвэрлэх явцад сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Нууц биш бол тэдгээр хувьчлалуудаас цохоод хэлж болох уу?

Тухайлбал, Хөтөлийн цемент, Эрдэнэтийн медипас эмнэлгийг нэрлэж болно. Жишээ нь, Медипас эмнэлгийн асуудлыг бид сөхөж, гардаж ажилласнаас хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ маргаан нь олон улсын Арбитрын шүүх дээр очсон байгаа. Зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байна. Ямар ч байсан хуулийн байгууллагуудтайгаа хамтран алдаа завхрал байсан бол түүнийг засах болно.

Та бид хоёрын ярилцлаганд дурдагдаагүй, өөр чиглэлийн ажлууд бий юу?

Тийм ээ байдаг. Уг нь манай байгууллагын үндсэн чиг үүрэгт хамааралгүй мөртлөө хариуцах эзэнгүй ажлуудыг эзэнжүүлэх ажлуудыг хийж байна. Жишээ нь, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, гадны зээл тусламжаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг хангуулах, ажлуудыг дуусгах, улсын комисст хүлээлгэн өгөх, үйл ажиллагааг нь эхлүүлж цаашдаа хариуцах эзэнтэй болгох гэх мэт ажлуудыг нэмэлтээр хийж байна гэж ойлгож болно. Замын-Үүд Чөлөөт бүс, шинэ нисэх онгоцны буудал гээд томоохон төслүүд бүгд үүнд хамаарна.

Цар тахлын нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгааг хэн хүнгүй л ярьж байна. Энэ нь төрийн өмчит компаниудад хэрхэн нөлөөлж байна вэ?

Мэдээж нөлөөлж байна. Цар тахал дэлхий нийтээр тархаж байгаа энэ үед улс орнууд эрсдэл багатай энэ өвчнийг хэрхэн даван туулах талаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Монголчууд ч ялгаагүй бүхий л түвшиндээ бүсээ чангалж, эрсдлийг бууруулах чиглэл баримтлан чамгүй зардал мөнгө зарж, олон мянган төрийн албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байна шүү дээ.

Энэ цар тахал Монгол хүн бүрийг төр, хувийн хэвшил гэж ялгалгүй сульдааж байна. Харин төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьд улсын төсвөөс ямар нэг дэмжлэг авдаггүй. Өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаа нь явдаг учраас хувийн хэвшлийн бизнесийн байгууллагын нэгэн адил орлогоос хамаарч бий болдог ажиллагсдын сул зогсолт, цалингийн бууралт, ашиг болон үр дүнгээс хамаарч олгодог нэмэлт урамшуулал зэрэг нь үгүй болсон. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд 50 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь Монгол Улсын нийт ажил эрхэлж байгаа хүмүүсийн 5 гаруй хувь, 50 гаруй мянган айл өрхийн 250 мянга орчим иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд 2020 онд Улсын төсөвт бүх төрлийн татвар, хураамжаар хоёр их наяд орчим төгрөг төвлөрүүлж, Улсын төсвийн 20 орчим хувийг бүрдүүлсэн. Мөн төрийн өмчийн ногдол ашигт 173.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд болон бусад хэлбэрээр төмөр зам, сайжруулсан шахмал түлш, гадаадад буй иргэдээ эх оронд нь авчрах зэрэг хөрөнгө мөнгө шаардсан ажлуудын зардлыг хариуцаж, ачаалал үүрч байгаа.

Тухайлбал: Иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан дулааны хэрэглээний үнэд 1.2 их наяд төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дааж байгаа бол нийслэлийн иргэдийн хэрэглэж буй сайжруулсан түлшний хөнгөлөлтөд 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс тавантолгой” ТӨХК хариуцаж байна.

Энэ жил төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн компаниуддаа эдийн засгийг сайжруулах ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо зэрэг салбарт төрийн чиг үүрэг, зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж буй 100 гаруй төрийн өмчит хуулийн этгээд бий. Эдгээр компаниудын хараат болон охин 20 гаруй компани, хуулийн этгээд бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулдаг.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар энэ жилийн хувьд төрийн өмчит аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цаашид төрөөс аль салбарт, ямар бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд ямар хувь, хэмжээтэй хэрхэн оролцох талаар тодорхой бодлого, чиглэл гаргаж түүнийгээ үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн орлого бүрдүүлэлтийн 70 орчим хувийг уул уурхайн салбараас хийж байна. Цаашид эдийн засгийг солонгоруулах аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаас олох орлогыг нэмэгдүүлэх талаар ажиллах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд уул уурхайн гол бүтээгдэхүүний гадаад зэх зээлийн эрэлт хэрэгцээ, үнэ ханш харьцангуй тогтвортой, өсөлттэй байгаа нь манай компаниудад эерэгээр тусаж байна. Гэвч бид энэ тааламжтай үеийг боломж болгох талаар анхаарч ажиллах хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр, бид олборлож байгаа эрдэс баялгийн өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх дэд бүтэц бий болгох, эрдэс баялгийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох төсөл хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

Энэ хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголроссцветмет” ТӨҮГ-ууд бодлого, зорилтоо тодорхойлж ажиллаж байна.

Цаашид төрийн өмчийн бодлого зохицуулалтынгазрын баримталж ажиллах гол бодлого аль салбарт ямар зорилгод чиглэгдэж байгаа вэ?

2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн батлах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлсэн.

Ингээд энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулсан. Энэ бол нийгмийн захиалга болсон ажил.

Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн нийтлэг харилцааг хамтад нь зохицуулахаар оруулсан нь орон нутгийн өмчийн харилцаанд тулгамдаж байсан ойлгомжгүй байдлыг арилгахад ач холбогдолтой юм.

Мөн төрийн өмчийг хувьчлах зохицуулалтыг оновчтой болгож, дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалт, хувьцаа худалдах, менежментийн үр дүнг харгалзан хувьчлах, давуу эрхийн хувьцаа, алтан хувьцаа гаргах зэрэг аргыг дангаар буюу хослуулан хэрэглэх үндэслэл, журмыг нарийвчлан тогтоох саналыг тусгаад зогсохгүй хувьчлалын дараах хяналтыг хэрэгжүүлдэг байх зохицуулалтыг оруулсан.

Хоёулаа ярилцлагаа өндөрлөхийн өмнө өмч хувьчлал хийгээд төрийн өмчийн байгууллага үүсэж хөгжсөн өнгөрсөн хугацааны ололт, амжилт, алдаа оноог дүгнэвэл юу гэж хэлэх вэ?

Алдаа байсан уу гэвэл байсан. Оноо нь гэхдээ хэд дахин илүү. Алдаа оноон дээр үндэслэж цаашдаа анхаарал зүйл байгаа. Хамгийн гол нь 1991 онд төрөөс дэвшүүлсэн өмч хувьчлалын зорилтоо хэрэгжүүлсэн. Цаг хугацааны явцад монголчуудын өмчийн талаарх ойлголт, түүнд хандах хандлага, түүнийг бий болгох, олж авах зарчим өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, нийтийн буюу дундын өмчтэй байх, эсхүл бүгд хувийн өмчтэй байх гэсэн эсрэг тэсрэгийн хязгаар руу нэлээн явж үзлээ. Үүний үр дүнд төр болоод иргэн өмчтэй байхаас илүү өмч өгөөжтэй, үр ашигтай, зохистой харьцаатай, нийтийн хэрэгцээний тухай эргэж харах зайлшгүй шаардлага бий болжээ.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн 80 орчим хувийг хувийн хэвшил нуруундаа үүрч явна. Өмч хувьчлалаар хувийн хэвшилд шилжин тодорхой хугацаанд хөгжиж ирсэн компаниуд эхнээсээ нээлттэй компани болох алхам хийж эхэлсэн. Энэ нь нэг талаасаа цаг хугацааны шалгуураар олон нийтийн эзэмшил давамгай байх нь эдийн засгийн чадавхи нэмэгдэх гарц хэмээн харж байгаагийн илрэл.

Нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээл, мэдээллийн технологийн хөгжил, цаг үеийн зайлшгүй шаардлагатай уялдсан дэвшил гэж хэлж болно. Тухайлбал, АПУ, Монгол шуудан хувьцаат компани нээлттэй болсноороо хөрөнгийн хэмжээ өсөж, хувьцаа эзэмшигч хүртэх өгөөж нь тэр хэрээр нэмэгдэж байна. Хэдийгээр зөвхөн компанийн хөгжлийн тухай ярьж байгаа боловч том зургаараа эдийн засгийг чадавхжуулахад хөрөнгийн зах зээлийн оролцоог өргөжүүлэх хөшүүрэг болж ирсэн. Тэр ч утгаараа өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа улам бүр өргөжиж байна.

Өнгөрсөн хугацааны алдаа оноо, ололт амжилтыг дэнсэлвэл өмч тойрсон олон сэдэв, тэдгээрийн талаарх олон нийтийн зүгээс өгч буй эерэг, сөрөг үнэлэмж бидний дараагийн бодлого зорилтын луужин болно. Тиймээс өнгөрсөн хугацааны ололт, амжилтыг бататгах, одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлаа эрэмбэлэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, дараагийн үеийг эхлүүлэх түүхэн цаг үе ирсэн гэж харж байгаа. Үүний тулд төр болон нийтийн өмчийг хэрхэн зөв зохистой, үр ашигтай ашиглах вэ гэдэг нэн тэргүүнд эрэмбэлэгдэх асуудал.

Өөрөөр хэлбэл, төр болон нийтийн өмчийг байгалийн баялгийн өгөөжийг Баялгийн сангаар удирдан тэгш хуваарилах үүргийг төр хүлээх хэрэгтэй. Таны эхэнд асуусан асуултад дахин тодорхой хариулъя. Төрийн өмчийн хорооны 25 жилийн түүхийг амжилт бүтээлээр дүүрэн байсан гэж дүгнэж болно.

Энэ хугацаанд төрийн сайн менежерийн үүрэгт хүчин зүтгэж ололт амжилт, алдаа оноогоо дэнслүүлэн, магтаал, шүүмжлэлийг зэрэг хүртэж байсан. Тэр ч бүү хэл татан буугдаж бас сэргээн байгуулагдаж үзлээ. Монголчууд төрийн өмч, нийтийн болон хувийн бөмчийн талаарх хөгжлийн нэгэн үеийг тууллаа. Одоо шинэ бодлогод тулгуурласан хөгжлийн дараагийн үе хүлээж байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсэе.