Ж.Батбаясгалан: Засгийн газар, нийслэл хоёр буруу хүрдтэй машиныг хориглохоор санал нэгдсэн
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалантай ярилцлаа.
-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотойгоор буруу хүрдтэй машины импортыг хориглох хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Хэдэн оноос ямар үе шаттай хориглох вэ?
-Монгол Улсын хэмжээнд баруун, зүүн хүрдтэй авто машины харьцаа хэтийдчихсэн байна. Зөвхөн Улаанбаатар хотод 650 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Гэхдээ буруу хүрдтэй машины импортыг хориглохдоо эхлээд хугацаа заах ёстой. Өнөөдөр шийдвэр гаргаад маргааш гэнэт зогсоох боломжгүй. Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Засгийн газар дээр энэ асуудлууд яригдаад одоогийн байдлаар хугацаа, зохицуулалтын асуудал ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилээс хориглоно ч гэдэг юм уу асуудал байхгүй. Ямар ч байсан ойрын хугацаанд үүнийг шийдье гэдэг нэг чиглэл рүү бүгд харж чадсан.
-Засгийн газрын түвшинд хуулийн төслийг ярьж байгаа гэлээ. Тэгвэл хэдэн оноос хэрхэн буруу хүрдтэй машины импортыг хориглоё ч гэдэг юм уу нарийн зохицуулалтыг ярьж байгаа юу?
-Үүнийг шийдэхэд бүх салбарын оролцоо хамааралтай. Хамгийн чухал нь иргэдийн оролцоо. Шууд өнөөдөр хориглох боломж байхгүй. Салбар яамд, нийслэл, Засгийн газар, УИХ гэсэн үе шаттай явах учраас одоо ярихад эрт байна. Нөгөө талдаа иргэд ч энэ талаар маш их санал гаргаж байгаа.
-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс буруу хүрдтэй машиныг хориглоно гэж байгаа учраас зөвхөн Улаанбаатар хотод явуулахгүй гэсэн зохицуулалт байх уу?
-Энэ их өрөөсгөл. Өнөөдөр байгаа 650 орчим машинаа гэнэт зогсоож болохгүй. Олон улсын маш олон туршлага байгаа. Тиймээс өнөөдөр байгаа машинуудаа яах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Түүнээс импортыг зогсоох хамгийн амархан. Иргэд хэрэглээний зээлээр машин авсаар байгаад өнөөдөр Улаанбаатар хотоо машинд зориулсан хот болгосон байна. Тиймээс нийтийн тээвэр рүүгээ хандсан бодлого барина.
Айл бүхэн хоёр машинтай байх уу, аятай, тухтай, хямд нийтийн тээврээр үйлчлүүлэх үү гэдэг сонголт байна. Ер нь бол ганцхан түгжрэл биш Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бүх асуудлыг цогцоор нь яръя гэж байгаа. Үүний хүрээнд Засгийн газар дээр агаар, орчны бохирдлыг бууруулах, түгжрэлийг бууруулах асуудлыг шийдье гэсэн зорилт руу явж байгаа. Үүнийг ганцхан талаас нь харах боломжгүй. Цогцоор нь харж байж энэ асуудал бүрэн шийдэгдэнэ.
-Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэх гэж байна. Нийслэл өмнө нь байгаагүй их төсөвтэй болж байгаа. 420 тэрбум төгрөгийг зөвхөн түгжрэлийг бууруулахад зарцуулна гэж байсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийх вэ?
-Улсын төсөв батлагдсаны дараа орон нутгийн төсвийг хэлэлцэн батална. Засгийн газар, УИХ-аас "Алсын хараа 2050" буюу 30 жилийн хугацаанд хийх томоохон ажил бол Улаанбаатар хот ба дагуул хот гэж байгаа. Улаанбаатар хотод Монгол Улсын иргэдийн 50 орчим хувь нь, эдийн засгийн 70 хувь нь байна. Тэгэхээр энд ихэнх асуудал үүсч байгаа учраас нэг зүг рүү харж асуудлаа шийдье гэж байгаа.
Хэт төвлөрлийг бууруулахад зөвхөн улсын төсвийн хүрээнд шийдэх боломжгүй гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа. Тиймээс гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын таатай орчин, хувийн хэвшил ажиллах таатай орчныг шийдэж байж Улаанбаатар хотын асуудал шийдэгдэнэ. Улаанбаатар хотын хөгжил Монгол Улсын хөгжилтэй уялдаатай учраас Засгийн газар шийдвэр гаргаж 420 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр нийслэлд зарцуулна гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол маш том алхам. Яагаад гэхээр өнгөрсөн хугацаанд зөвхөн төсөв харж асуудлаа шийдэх ямар ч боломжгүй гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн.
420 тэрбум төгрөгийг зөвхөн түгжрэлд зарцуулна гэсэн нь ташаа ойлголт. Улаанбаатар хотод ганцхан түгжрэл гэсэн асуудал байхгүй. Тиймээс энэ санхүүжилтийг Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болон үр дүнгээ өгөх төслүүдэд зарцуулна. Мөн хэд хэдэн хуулиар нийслэл эдийн засгаа өөрөө босгох эрх нээгдэж байгаа. Тиймээс Улаанбаатар хот өөрөө хөрөнгөө босгож, зөвхөн төсвөөр хязгаарлагдахгүй. Нийслэлийн Засаг дарга, түүний бага, ИТХ, харьяа газрууд нийслэлчүүдтэйгээ хамт олон улсын зах зээлээс ч хөрөнгө босгох бүрэн боломжтой болж байгаа.
-Сангийн сайд “нийслэл түүхэнд байгаагүй төсөвтэй боллоо. Үүнийгээ зөв зүйлд зарцуулж, сайн төслүүд хэрэгжүүлэхгүй бол дахин өндөр төсөв өгөх асуудлыг эргэж харна” гэж байсан. Тэгэхээр нийслэлийн удирдлагуудад маш хариуцлагатай жил ирж байна уу?
-Тийм ээ. Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Тиймээс аль аль талаасаа нэг зүг рүү харж шийдсэн асуудал дээр одоо ганцхан хариуцлага, сахилга бат маш чухал. Тиймээс Засгийн газар, нийслэл дээр ажлын хэсэг ажиллаж байна. Зам, тээвэр, нийтийн тээвэр, түгжрэлийг багтаасан цогц хөтөлбөрийг танилцуулж байгаа. Энэ цогц хөтөлбөр төслийг хэрэгжүүлэхэд нийслэлийн удирдлагууд бүгд хамтарч нэг зүг рүү харж ажиллана гэж бодож байна.
-Нийслэлийн захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргасантай холбоотойгоор Хангарьд орныг дуудлага худалдаагаар зарна гэж байсан. Хэзээ дуудлага худалдааг зохион байгуулах вэ?
-Улаанбаатар хотын захиргаа манлайлж, хотын төв хэсгээс гарахаар 2018 оноос хойш ажилласан. Өнөөдрийн байдлаар шинэ байрны барилгын А блок дууссан бол Б блок 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ хөрөнгө оруулалтынхаа санхүүжилтийг нийслэлийн төсөв, дуудлага худалдааны эх үүсвэрээс бүрдүүлнэ гэж байгаа.
Хангарьд ордныг дуудлага худалдааг өмнө нь шийдсэн. Гэхдээ нийслэлийн төв хэсэгт байгаа учраас хамгийн эхэнд төрийн байгууллагуудад санал тавьсан. Нээлттэй дуудлага худалдаа хийх боломжгүй. НИТХ-аар дахин энэ асуудлыг хэлэлцэнэ. Нийслэлийн ЗДТГ, НИТХ, захирагчийн ажлын алба бусад харьяа агентлагууд нүүх бэлтгэлээ хангаж байгаа. Одоогийн байдлаар шинэ байранд жирэмсэн эмэгтэйчүүдийг эмчлэх ор дэлгэсэн байгаа. Тиймээс энэ эмнэлгийг шууд гар гэх боломжгүй. Б блок буюу харьяа газар агентлагийн орох байрыг 2022 оны эхний улирлуудад багтаан ашиглалтад оруулна.
-Тэгэхээр энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд багтааж нүүж амжихгүй гэсэн үг үү?
-Яг бодит байдал дээр арванхоёрдугаар сарын 31-нд нүүнэ гэж хэлэхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс Засгийн газарт асуудлаа тавьж, ажлын хэсэг дээр асуудлыг дахин ярина.
-Ярилцсанд баярлалаа.