Нийт хорих ял эдлэгсдийн 42.7 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагджээ
2009.08.05

Нийт хорих ял эдлэгсдийн 42.7 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагджээ

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга, “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” комиссын дарга УИХ-ын гишүүн Х.Жекей өнөөдөр ажлаа тайлагнаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хуулийг хэрэгжүүлэх ажлын салбар хэсэгт 13 шүүгч, 14 прокурор, 12 өмгөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 86 ажилтан нийт 125 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.

Салбар ажлын хэсгүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, цагдан хорих, баривчлах байруудад хорих ял шийтгэгдэн ял эдэлж байгаа 7640 ялтны хувийн хэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадад ял эдэлж буй хорихоос өөр төрлийн ялтай 489 ялтны гүйцэтгэх баримт бичиг, нийт 8129 материалыг хянажээ.

Салбар ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтээр хорих анги, цагдан хорих, баривчлах байруудад ял эдэлж буй 3271 хүн буюу нийт хорих ял эдлэгсдийн 42.7 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаас хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэн суллагдсан 1290, хорих ялаас зохих хувиар хасагдаж суллагдсан 902, нийт 2192 хүн суллагдсан нь хорих ял эдлэгсдийн 28.7 хувь байна. Үүнээс 65 буюу 2.9 хувь нь насанд хүрээгүй хүүхэд, 105 буюу 4.8 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ.

Баривчлах ялаас өршөөн хэлтрүүлэгдэж 248 хүн суллагдсанаас 4 нь буюу 1.6 хувь нь хүүхэд, 7 нь буюу 2.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн торгох ялтай 287, албадан ажил хийлгэх ялтай 54, эд хөрөнгө хураах ялтай 5, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялтай 143, нийт 489 хүн өршөөлд хамрагдсан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан хүмүүсийг төвлөрүүлэн байрлуулах, орон нутагт хүргэх хуваарийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлан, Амгалан дахь дамжин өнгөрүүлэх төвөөр дамжуулан 1226 хүнийг, хорих анги албадаас 1014 хүнийг тус тус харьяа орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргэж хүлээлгэн өгчээ.

Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангид ял эдэлж байсан 69 хүүхдээс 62 нь хуулийн дагуу суллагдаж, насанд хүрээгүй боловч давтан гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн 2, өмнө нь өршөөлийн хуульд хамрагдсан 3, хүчиндэх /насанд хүрсэн/ гэмт хэрэгт 2 буюу өршөөлд хамрагдах боломжгүй 7 ялтан тус тус үлджээ.

Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй 419 ялтнаас 134 ялтан өршөөлд хамрагдсанаас ял хэлтрэн суллагдсан 69, ялаас хасагдаж суллагдах 43, нийт 112 хүн суллагдаад байна. Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд байсан 1075 хүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Одоогийн байдлаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нийтдээ 4800 гаруй хүн хамрагдсан байна. Цаашдаа Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгсэхгүй болгох хэргүүд байгаа юм хэмээн комиссын дарга мэдэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.