2021.11.01

Хү хамтлаг "Үндэсний өгөх өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүллээ

АНУ-д тоглолтоор явж байгаа Хү хамтлагийнхан “Үндэсний Өгөх Өдөр”-т зориулан видео мэндчилгээ дэвшүүлжээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилсан “Үндэсний Өгөх Өдөр” 11 жилтэйгээ золгож байна.

“Үндэсний Өгөх Өдөр” хөдөлгөөн маань 10 жилийнхээ босгон дээр Өгөх Өдөр Сан болж өргөжсөн бөгөөд энэ жил дэлхийд алдартай Металлика хамтлагийн “Through The Never” дууны орлогын 50 хувь нь “Өгөх Өдөр Сан”-д орох болсон сайхан мэдээгээр эхэлж байна.

Тодруулбал, Металлика хамтлаг 40 жилийнхээ ойд зориулж 53 дуутай, 4 диск бүхий “The Metallica List” гаргалаа. Тус хамтлагийн дуунуудыг дэлхийн алдартай, нэр хүндтэй хамтлагууд дуулсанаар бүтээсэн уг цомгийн бүх орлого сайн санааны үйлсэд зориулагдах юм. Энэ альбомд дэлхийн рок хөгжмийн сенсац, Чингис Хааны одонт “Хү хамтлаг” маань Металликагийн “Through The Never” дууг монгол хэл дээр дуулсанаар орлоо. Энэ дууны орлогын 50 хувь нь Металлика хамтлагийн “All Within My Hands Foundation” санд орох бол 50 хувь нь “Өгөх Өдөр Сан”-д хуримтлагдах аж.

Уг баярт мэдээг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан юм.

Тэрээр “ Жилийн өмнө байгуулж байсан сан маань өнөөдөр дэлхийн хэмжээнд очиж, олон орны хэдэн мянганы хүний сонорыг мялаасан дуу болгоноос бид буянт үйлс бүтээх боломжтой болох нь ээ. Харин та нар маань энэ дууг сайн цааш нь түгээж өгөөрэй. Энэ боломжийг олгосон найз Дашкадаа, хамтлагийн менежер Туга, Брэндон болон яг одоо Хойд Америкийг монгол дуугаараа сэрээж яваа “Хү” хамтлагийн залуустаа маш их баярлалаа” гэжээ.