Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын алба туршлага судаллаа
Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хамт олон өнөөдөр Баянгол дүүрэгт зочиллоо. Зочдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, Дэд дарга Ү.Батбаяр, Дэд дарга Г,Мөнхсайхан, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нар хүлээн авч уулзсан.
Уулзалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл Нийслэл хотын есөн дүүргээс Баянгол дүүргийн ИТХ-ыг сонгон туршлага судлах, харилцан санал солилцохоор хүрэлцэн ирсэнд баяртай байна. Тавтай зочилно уу. Манай хамт олон энэ өдөр та бүхэнтэй нээлттэй хамтарч ажиллах болно” хэмээн хэлсэн юм.
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал энэ үеэр ИТХ-ын үйл ажиллагаа, хуралдаан зохион байгуулах дэг болон Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг танилцуулаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Уулзалтын үеэр Баянхонгор аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Т.Норов: “Манай хамт олон 2021 оны үйл ажиллагаандаа “Туршлага судлах” ажлыг төлөвлөсөн. Өнөөдөр Ажлын алба 15 хүний бүрэлдэхүүнтэй танай байгууллагад зочилж байна. Бидний зорилго Нийслэл, дүүрэг, бусад аймгийн ИТХ-ын байгууллагын хийж хэрэгжүүлж буй ажил, үйл явцтай танилцах, өөрсдийн үйл ажиллагааг харьцуулан дүгнэх, үнэлж цэгнэх боломж эндээс гарч ирнэ гэж үзсэн.
Учир нь манай аймгийн ИТХ-ын бүтэц бүрэлдэхүүн өмнөхөөс нэлээд өөрчлөгдөж, хэлтэс бүрийн чиг үүргийг нарийвчлах, удирдан зохион байгуулах чиглэлд туршлага судлах зайлшгүй шаардлагатай байлаа. Өнөөдрийн уулзалтаас бид чамгүй зүйлсийг анзаарч, адил албан тушаалтай мэргэжилтнүүдээ танилцуулах, тэдний ажлын арга барил, туршлагыг солилцуулах тал дээр анхаарч ажиллахыг чухалчилж байна.
Мөн Нийслэл хотын нэг дүүрэг аймагтай харьцуулахад хүн амын тоо их, тэр хэмжээгээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ, бодлого чиглэлийг агуулга цар хүрээ, гадаад хамтын ажиллагаа өргөн нь ажиглагдлаа. Түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн өмчийн байртай, хэлтсүүдийн чиг үүрэг маш тодорхой. Хамт олон нь ажлаа гартаа оруулсан, чамбай баг ажилладаг нь харагдлаа. Тиймээс бид нэг удаагийн уулзалт болгоод өнгөрөх биш цаашид харилцаа холбоотой ажиллах хүсэлтэй байна” хэмээн хэлсэн