2021.09.14
Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх Ажлын багийн анхдугаар хуралдаан болов
Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын багийн анхдугаар хуралдаан өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.
Ажлын багийн хуралдааныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг даргалж, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн, холбогдох яам, байгууллага, найрамдлын нийгэмлэг, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов. Ажлын багийн гишүүд ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны 2 дугаар сарын 24-нд тохиохтой холбогдуулан, Монгол Улсын Засгийн газрын 9 дүгээр сарын 8-ны хуралдаанаар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгох, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын багийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулсан билээ.
Ойн хүрээнд олон нийтийг өргөн хамруулсан, Монгол, Японы найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллах юм. Мөн ойн логоны загвар шалгаруулах уралдааныг энэ оны 7 дугаар сарын 1-нд зарласан бөгөөд ажлын багаас олон нийтийг энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг уриалав.