Цөлжилтийн эсрэг түр хороо байгуулж ажиллана
2021.09.02

Цөлжилтийн эсрэг түр хороо байгуулж ажиллана

Говийн бүс нутагт тулгамдаж буй цөлжилт, газрын хөрсний доройтол, хүний буруутай үйл ажиллагаанаас учирч буй эрсдлийг бууруулах зэрэг шалтгаанаас үүдэн Цөлжилтийн эсрэг эрчимтэй тэмцэх шаардлага тулгараад байгаа билээ. 

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль цаг уурын хүндрэлээс сэргийлэх, бэлчээр ус хамгаалах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх говь нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ард иргэдийнхээ санал санаачилгыг дэмжих үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын дэмжлэгтэйгээр Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд хамтран Цөлжилтийн эсрэг түр хороог УИХ дээр байгуулан ажиллах талаар холбогдох шийдвэрийн төслийг санаачлах хүрээнд БОАЖЯ дээр ажиллалаа.

2020 оны байдлаар Монгол орон цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай доройтсон байх ба 56 % нь байгалийн үзэгдэлтэй холбоотой бол 44% нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн судалгаа гарсан байна.

Хүний хүчин зүйлийн нөлөөнд уул уурхайн ашиглалт, зам тээврийн хөдөлгөөн, бэлчээр талхлалт буюу бэлчээрийн даац хэтрэлт, ой модны хууль бус ашиглалт, түймэр зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.

УИХ-аас Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай 2012 онд, Засгийн газраас Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2010 онд баталж байсан бөгөөд эдгээрийн хэрэгжилтийн талаар танилцаж, цаашид ажлын үр нөлөөг сайжруулах үүднээс тусгай сан байгуулах, хуулийн төслийг өргөн барих талаар хамтран ажиллах саналыг УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүдийн зүгээс БОАЖЯ-нд хандан тавилаа.

Түр хороо байгуулагдсанаар говийн бүс нутагт тулгамдаж буй цөлжилт, газрын хөрсний доройтол, хүний буруутай үйл ажиллагаанаас учирч буй эрсдлийг бууруулах, бэлчээр усыг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд далайцтай ажил зохин байгуулах, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, ард иргэд, бүх нийтийн оролцоог дэмжихэд чухал ач холбогдолтой болно гэж итгэж байна.