Сүхбаатар дүүрэг “Өглөөний гудамж”-тай боллоо
2021.08.30

Сүхбаатар дүүрэг “Өглөөний гудамж”-тай боллоо

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Жамъян гүний гудамжийг иж бүрэн тохижуулан  “Өглөөний гудамж” болгож,  өнөөдөр нээлтийг нь хийлээ.

Анхны “Өглөөний гудамж”-ийг НЗДТГ-аас санаачлан Жуулчдын гудамжинд байгуулсан бөгөөд мөн үеэр Нийслэлийн Засаг дарга дүүргүүд  өөрсдийн онцлогт тохирсон ийм гудамжтай болно гэдгийг хэлж байсан юм.  Энэ дагуу Улаанбаатар хотын хоёр дахь  “Өглөөний гудамж” өнөөдөр нээгдэв.  Нийслэл хотын эртэч иргэд болоод хүүхэд залууст зориулсан шинэхэн гудамжны нээлтийг цахим орчинд шууд дамжуулсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өглөөний гудамжаа эко байдлаар тохижуулж, ая тухтай байх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь таатай хэрэг. Өглөөний гудамжинд хүүхэд залуус чуулж, санаа бодлоо илэрхийлдэг, ая дуугаа өргөдөг. Ахмадууд маань тэднийг сонсож, амарч амсхийдэг. Ийм сайхан гудамж талбай улам нэмэгдэж,  хотын уур амьсгалыг зөөлрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж буй бас нэг боломж. Бусад дүүргүүд ч мөн ийм ая тухтай орчныг бүрдүүлэх юм” гэлээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа  “Өглөөний гудамж байгуулах нь иргэдийнхээ идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлэх зорилготой” хэмээн тодотгосон юм.

Сүхбаатар дүүргийнхэн нийтийн эзэмшлийн 600 ам метр талбайг богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулж “Өглөөний гудамж” болгосон байна. Иж бүрэн гэрэлтүүлгээр чимж, ургаа моднуудын дор сандал байрлуулсан төдийгүй 200 хүн нэгэн зэрэг үнэгүй интернэт ашиглах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн тус гудамж номын булан, цэвэршүүлсэн усны цорготой. Мөн иргэдийн хаясан гээсэн, олсон зүйлсийг байрлуулан эздэд нь олгох хэсэг, тамхины цэгийг ч байгуулжээ. Нийслэл хот болон дүүргийнхээ онцлог, хотын залуусын хэв маяг, уламжлал шинэчлэлийг хослуулсан агуулга бүхий ханын зургийг уран бүтээлч залуус зурсан нь содон шийдэл болжээ. “Өглөөний гудамж”-ийн байршлыг сонгохдоо аж ахуйн нэгж, байгууллагуудын өглөө эрт ажиллах хүний нөөц, үйлчилгээ зэрэг олон талт судалгааг үндэслэсэн байна. Мөн ойролцоох аж ахуйн нэгжүүд гадна талбайгаа цэцгэн чимэглэлээр гоёж, орчны өнгө үзэмжийг сайжруулан, дүүргээс гаргасан санаачилгыг дэмжин ажиллажээ.