2021.08.06
Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын эргэн тойрны дэд бүтцийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай
Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын эргэн тойрны төлөвлөлт, дэд бүтцийн асуудалд даруй анхаарал хандуулах шаардлага үүссэн байна.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар менежментийн төсөл хэрэгжүүлэгч Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт ХХК-ийн удирдлагуудтай уузлалт хийлээ. УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаартай “Хот байгуулах тухай” тогтоолоор Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн орон нутгийн зэрэглэлтэй “Шинэ Зуунмод” хот байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд энэхүү нисэх буудал орчмын суурьшлын бүсийг зөв зохион байгуулахад дэмжлэг үзүүлж оролцох, УБ хотын төлөвлөлтийн алдааг давтахгүй байхад анхаарах үүднээс шинэ хот байгуулах ажлын эхний үе шат буюу төлөвлөлт, дэд бүтцийн асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцсон юм.
Шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан нисэх буудлын эргэн тойронд төрийн болон хувийн байгууллагууд байршихаар төлөвлөж, цахилгаан, дулаан зэрэг дэд бүтцээр хангуулахаар төсөл хэрэгжүүлэгч компани руу хувь хувьдаа хандаж байгаа асуудлууд их байгаа. Ийнхүү нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалтгүй байгаа байдал нь манай төрийн байгууллагуудын ажлын уялдаагүй, удаан байдлыг харуулж байгаа юм.
Тиймээс шинэ хотын төлөвлөлтийг яаралтай хийж, түүнтэйгээ уялдуулан эхний ээлжинд нисэх буудлын хэвийн ажиллагааг хангах чиглэлийн үйлчилгээний байгууламж, ажилчдын орон сууцны барилгын дэд бүтцийн асуудлыг тус компанитай хамтран шийдвэрлэх чиглэлд ярилцлаа.
Цаашдаа уг суурьшлын бүсийг анхнаас нь зөв зохион байгуулах, үлгэр жишээ, олон улсын жишигт нийцсэн суурьшлын бүс болгоход анхааран ажиллах болно гэдгээ Ж.Ганбаатар гишүүн илэрхийлжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn