2021.07.09

Мэдээллийн технологийн салбарын хуулиудын ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахална

УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөж, ирэх намрын чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдийг жагсаалтаа баталсан. Намрын чуулганаар өндөр хүлээлттэй байгаа салбар бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар юм. 

Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимтэй хийж, Emongolia системийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Төрөөс иргэндээ үзүүлэх үйлчилгээг улам өргөжүүлж, хүндрэл чирэгдэлгүй болгохын тулд сайн эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн шаардлагатай болсон. Түүнчлэн цахим орчинд хувь хүний  болон нийтийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд хууль эрх зүйн хамгаалалт нэн шаардлагатай болоод байна. Тиймээс УИХ-аар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг хэлэлцэж эхэлсэн. Ирэх намрын чуулганаар эдгээр хуулиуд батлагдан гарна. 

Сайн хууль батлагдахын чухал суурь бол хуулийн төслийг зүйл заалт бүрээр нь нягтлан тунгааж, цаг үе, дэлхийн хэм хэмжээнд нийцүүлдэг зүйл бол хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байдаг билээ. Тэгвэл өнөөгийн парламентад цахим шилжилт, инновац, оюуны өмчийн асуудлыг хөндөн ярьж, түүнийхээ араас тууштай ажиллаж байгаа Н.Учрал гишүүн дээрх хуулиудын Ажлын хэсгийг ахалж ажиллахаар болжээ. 

Н.Учрал гишүүн өмнөх парламентад Инновац, цахим бодлогын түр хороог анх удаа байгуулж, өдгөө байнгын хороо болгон өргөжүүлж, Төрийн цахим шилжилтэд чухал оролцоотой ажиллаж яваа билээ. 

Дээрх 4 хуулийг Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ. Мөн Н.Учрал гишүүнд олон нийтийн анхаарлын төвд байгаа “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ахалж ажиллах үүргийг Эдийн засгийн байнгын хорооноос өгчээ. 

Эдгээр хуулийн төслүүдэд өгөх саналаа та бүхэн uchraln@parliament.mn хаягаар илгээх боломжтой юм байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn