Д.Ихбаяр:

Ухаалаг системээр усны хэрэглээгээ хянана


5 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Д.Ихбаяр: Ухаалаг системээр усны хэрэглээгээ хянана
Д.Ихбаяр Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч

Нийслэлийн орон сууцны зарим өрх усны тоолуургүй буюу хэрэглээг задгай тарифаар тооцон төлбөр бодогддог. Эдгээр өрхүүд сар бүр тоолууртай айлуудаас 20000 орчим төгрөгөөр илүү төлбөр төлдөг төдийгүй хэрэглээгээ хянах боломжгүй байгаа юм. Иймд “Улаанбаатар хотын орон сууцны болон саарал усны хэрэглээг хянах, хэмнэх инновац технологийн шийдэл” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Төслийн талаар Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяртай ярилцлаа.


-Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын орон сууцны болон саарал усны хэрэглээг хянах, хэмнэх инновац технологийн шийдэл” гэсэн төсөл батлагдсан. Тус төслийн талаар танилцуулна уу?

-Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар 6161 гол мөрөн байгаагаас 264 нь ширгэсэн. Нийслэл хотын усны нөөцийн 50 хувийг ашиглачхаад байна. Энэ байдлаар 2030 он гэхэд усны хомсдол үүсэж, эрсдэлтэй нөхцөл байдалд орох судалгааг Ус сувгийн удирдах газраас гаргасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тогтоосон нөөцөөр нийслэлийн усны эх үүсвэр хоногт 259 мянган метр куб байдаг. Нийслэлийн усан хангамжийн 218 худаг, нийт гүний худгаас хоногт 144 мянган метр куб ус олборлож байна. Энэ нь ашиглах боломжтой цэвэр усны 56,9 хувийг л хэрэглэж байна гэсэн үг. Тэгвэл нийслэл хот бүхэлдээ хоногт 144 мянган метр куб ус хэрэглэдэг бол орон сууцанд амьдарч буй нэг иргэн хоногт 127 литр ус, гэр хороололд амьдарч буй нэг иргэн дунджаар 8 литр ус хэрэглэдэг гэх судалгаа байна.

Энэхүү хэрэглээний усанд төлбөр тооцохын тулд орон сууцны айл өрхүүдэд усны тоолуур хэрэглэдэг. Нийслэлийн хэмжээнд 202928 өрх орон сууцанд амьдарч байгаа ч одоогийн байдлаар 111031 өрх усны тоолуур ашиглаж байна. Үлдсэн 91897 өрх усны тоолуургүй, үнийн тарифаар ус ашиглаж байна. Эдгээр 91897 өрхөд 1997, 1998 оноос өмнө ашиглалтад орсон хуучны орон сууц багтдаг.

Түүнчлэн оршин суугчдын усны хэрэглээнд тавих хяналтыг хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвийн 160 орчим байцаагч хийдэг. Дээр хэлсэн усны тоолуургүй айлын усны хэрэглээг байцаагч нар задгайгаар буюу 35640 төгрөгөөр бичдэг. Гэтэл тоолууртай өрхийн нэг иргэн өдөрт 127 литр ус хэрэглэдэг гэхээр тухайн айл сард 16176 төгрөгийг төлдөг юм. Энэ дунд 19464 төгрөгийн зөрүү гарч ирж байна. Тиймээс усны тоолуургүй айлуудыг тоолууржуулах, ингэхдээ ухаалаг, оновчтой технологийн шийдлийг ашиглах боломжтой юм.

Одоогоор хяналтын байцаагч нар айлуудын тоолуурын заалтыг бичих гэж нэг байцаагч сардаа 650-700 айлаар орж, заалтыг нь харж бичдэг. Үүнээс үүдэн иргэн байцаагч хоёрын хооронд усны хэрэглээнээс үүдэлтэй маргаан үүсэх, оршин суугчид тоолуурынхаа заалтыг мэдээлэх нь төвөгтэй, ухаалаг шийдэлгүй, хяналтын байцаагчдын ачаалал их, айлууд нь эзэнгүй байх зэргээр асуудлууд ундардаг. Иймд богино долгионы “Лоро ван” системийг ашиглан ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлэх юм.

Ингэснээр хяналтын байцаагч нар айл бүрээр явах шаардлагагүй болж, усны тоолуурын заалтыг автоматаар авна. Алсын зайнаас тоолуурын хаалтыг хааж, нээн, хэрэглээгээ хянах боломжтой юм. Мөн холбогдох байгууллагууд хяналт, дүн шинжилгээ хийх нэгдсэн систем бүхий мэдээллийн бааз үүснэ. Харин иргэд, хэрэглэгчдийн хувьд усны зарцуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг гар утасны аппликэйшн ашиглан авах боломжтой төдийгүй ус алдах, техникийн эрсдэлээс сэргийлнэ. Түүнчлэн ухаалаг тоолуурыг ашигласнаар сар бүр усны зардлынхаа 30-40 хувийг хэмнэх бөгөөд хэрэглээгээ хянаж, усны зөв зохистой хэрэглээг бий болгох боломжтой юм.

-“Лоро ван” систем хэзээ хаана бий болсон бэ. Олон улсад хэрэглэж буй туршлага бий юу?

-Уг системийг дэлхийн олон улсад хэрэглэж байгаа. Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл, инновацын газар, Холбоо мэдээллийн сургуулиуд болон тус чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа старт ап компаниудтай хамтран ажиллахаар уулзалт, зөвлөгөөн тогтмол хийж байна. “Лоро ван” гэдэг нь радио долгионоор мэдээллийг дамжуулж байгаа систем юм. Одоогийн байдлаар уг технологийг АНУ, ОХУ хэрэглэж байна.

Жишээ нь, АНУ-д нэг өрх 370 литр ус хэрэглэдэг байсан бол тус тоолуурыг тавьснаар 304 литр ус хэрэглэж, өдөрт дунджаар 66 литр буюу 17.8 хувийн усыг хэмнэж байна. Харин ОХУ-д хоногт 1117 рублийн хэмжээтэй ус хэрэглэдэг байсан бол уг системийг нэвтрүүлснээр 61.5 хувиар буурч 428 рубль төлж байгаа юм. Энэ бол олон улсын хэрэглээнд туршигдсан, ухаалаг, үр дүнтэй систем. Инновац бол шинэ, хуучин, шинэлэг байж болно. Бид олон улсад амжилттай туршигдсан сайн жишээг эх орондоо хэрэглэж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх бүрэн боломжтой.

-Энэхүү ухаалаг системийн усны тоолуурыг огт тоолуургүй орон сууцны айл өрхүүдэд суурилуулах юм байна. Хэрвээ үр дүнтэй байвал бусад айл өрхүүдэд суурилуулах уу?

-Гар утас, тв-ийн олон сувгийн үйлчилгээний хэрэглээгээ бид хянаж, төлбөрийн мэдээллээ хэзээ ч хаанаас ч харж болдогтой адил энэ системийг ашигласнаар хэрэглэгчид цэвэр усны хэрэглээгээ хянах, төлбөр тооцооны ухаалаг шийдлийг нэвтрүүлж, усны зарцуулалтаа хянах болно. Сар бүр тоолуурын заалтаа утсаар мэдээлэх шаардлагагүй болж, ОСНААУГ, ОНӨААТҮГ-ын байцаагчдын цаг ашиглалт сайжирч, байцаагч, хэрэглэгч нарын үл ойлголцол арилах юм. Эхний ээлжид огт тоолуургүй, задгай хэрэглээгээр усны төлбөрөө төлж буй 91897 өрхөд суурилуулна. Цаашлаад уг системийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой юм.

-Технологийн хувьд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж харлаа. Одоо төслийн ажил ямар шатандаа явж байна вэ?

-Одоогоор уг төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр батлуулаад байна. Эхлээд технологийн шийдэл болон хөгжүүлэлтийн шатанд явж байна. Монгол инженерүүд программ хангамж болон электроникийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Ухаалаг тоолуураас ирсэн мэдээллүүдийг татаж багцлах программыг хөгжүүлж, компьютерт ирсэн мэдээллийг нэгдсэн сервер рүү дамжуулах программыг хөгжүүлэх юм. Серверийн мэдээллийн баазыг нэгтгэх, хөгжүүлэх, гаднаас ирэх халдлага болон гэнэтийн асуудлаас үүдэх хамгаалалтыг хөгжүүлэх нь хамгийн эхэнд авах ёстой арга хэмжээнүүд юм. Эдгээрийг хийсний дараа тоолуурын нийлүүлэлтийг хийнэ.

Тоолуурын нийлүүлэлтийг иргэддээ хүндрэл үүсгэхгүйгээр шийднэ. Задгайгаар усны төлбөрөө төлж байгаа өрх болон тоолууртай айлын төлбөрийн хооронд гарч буй мөнгөний зөрүүг тооцон, өрхөд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр хямд үнээр төлж тоолуураар хангах боломжийг бүрдүүлэхээр судалж байна. Задгай тарифаар усны төлбөрөө төлж байгаа айл өрхүүд сар болгон 19000 төгрөг төлөх боломжтой байтал 35000 төгрөг төлж байна. Иймд сар болгон айл өрх 21000 төгрөг төлбөл хэмнэгдэх төдийгүй нэмэлт ачаалал үүсэхгүй юм. Энэ нь тоолуурын зардлыг гаргах арга хэмжээ болно гэж тооцоолсон.

-Энэхүү системийг хэрэглэх иргэд тоолуураа хэрхэн авах вэ?

-Юуны түрүүнд суурь бэлтгэл хангагдаж байна. Программ, аппликэйшн, вэб хөгжүүлэлтийг сайн гүйцэтгэн угсралт хийхээс өмнө Монгол инженерүүдийнхээ хийх тоолуурын загварыг гаргаж, лабораторид туршиж үзэх нь зүйтэй. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн зүгээс энэ системийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас төсөл батлагдсан. Ингэснээр нийслэлийн иргэд 2030 онд усны хомсдолд орох эрсдэлээ бууруулах, усаа хэмнэх юм. Улаанбаатар хотын хувьд хамгийн түрүүнд анхаарал хандуулж, инновацын шийдлийг хэрэгжүүлэх ёстой асуудал бол ус юм. Үүний дараагаар замын түгжрэл, утаа, машины хорт хий ялгаруулалт зэрэг асуудлуудаа үе шаттайгаар шийдвэрлэх боломжтой. Утаагүй, түгжрэлгүй, хөрсний бохирдолгүй, усны нөөцтэй байвал бид жинхэнэ утгаараа инновацлаг хотод амьдарч байна гэж үзэх юм.

Хэрэв ухаалаг технологийн шийдлээр усны хэрэглээгээ хянаж, төлбөрөө төлж, мэдээллээ авч чадвал зөвхөн усны хэрэглээ ч бус эрчим хүчний хэрэглээгээ ч энэ системээр хянах, хэмнэх боломжтой гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.