2021.04.27
Малчин өрхөд өвс, тэжээл, өргөө цагаан гэр олголоо
Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Хүчтэй шороон шуурга шуурганы улмаас хохирсон Говьсүмбэр аймгийн зарим малчин өрхөд өвс, тэжээл, өргөө цагаан гэр олгожээ.
Аймгийн Засаг дарга Г.Батзам үүссэн хохирол, нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс, ХХААХҮЯ болон Улсын их хурлын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нарт албан хүсэлт хүргүүлсэн байна. Нийт 150 тонн өвс, 120 тонн тэжээл, 300 өрхөд хүнсний тусламж олгож таван иргэнд өргөө цагаан гэрийг олголоо.
Үүнээс гадна гамшгийн хохирлыг бууруулах чиглэлээр орон нутгаас шат дараатай ажил зохион байгуулж эхний ээлжинд малчин өрхүүдэд аймгийн өвс тэжээлийн нөөцөөс 64 тонн өвс, 8.1 тонн тэжээлийг олгоод байгаа юм.
Энэ оны гуравдугаар сарын 14-нд болсон хүчтэй шороон шуурганы улмаас аймгийн хэмжээнд 760 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна.