Нагояагийн их сургуулийн докторын хөтөлбөрт төрийн албан хаагчид хамрагдах боломжтой боллоо
Дэлхийн 100 шилдэг сургуулийн нэг Япон улсын Нагояагийн их сургуулийн зайны болон танхимын сургалт хосолсон докторын хөтөлбөрт Монгол Улсын төрийн албан хаагчид хамрагдах боломжтой боллоо.
Энэхүү докторын хөтөлбөрийг танилцуулах цахим уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Япон улсын Элчин сайд Кобаяаши Хироюүки, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч Сэйичи Мацүо нар оролцлоо. Мөн төрийн байгууллагын 100 гаруй албан хаагчид оролцсон юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ хамтарсан судалгаа болон боловсролыг дэмжих олон төсөл, хөтөлбөр Монгол Улсад хэрэгжүүлж, боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.
Мөн төвийг сахисан, тогтвортой, мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бий болгох нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болох тул төрийн албан хаагчдыг чадавхжуулах уг хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа хэллээ.
Нагояагийн их сургуулийн захирал С.Мацүо үргэлж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Боловсрол, шинжлэх ухааны яам болон Японы Элчин сайдын яаманд талархаад, Монгол Улсын үндэсний их сургуулиудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр докторын хөтөлбөр нь мэдлэг солилцоо, академич хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх боломжтойг цохон тэмдэглэлээ.
Уг хөтөлбөрт хамрагдсанаар манай улсын төрийн албан хаагчид Монголдоо төрийн албан үүргээ гүйцэтгэхийн сацуу Нагояагийн их сургуулийн докторын хөтөлбөрт суралцах боломжтой болох юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь хууль, боловсрол, сэтгэл судлал, байгаль орчин, анагаахын шинжлэх ухааны чиглэлээр оюутан элсүүлж байгаа юм байна.