Кубууд хэзээ эрх чөлөөтэй болох вэ?
2012.07.25

Кубууд хэзээ эрх чөлөөтэй болох вэ?

Нэг жилийн өмнө Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро цагаачлалын хуулийг шинэчилж, шилжилт дөлгөөнийг чөлөөтэй болгохыг хүссэн билээ. Гэвч одоо болтол хориг, хязгаарлалт хэвээрээ. Парламентын анхны чуулганаар  эхэлж байгаа энэ өдөр Кубууд өөрчлөлт, шинэчлэлт  ирнэ хэмээн  найдсаар байна. Нийслэл Гавана хот дахь Цагаачлалын албаны гадаа өглөө бүр урт дараалал  үүсгэсээр л.

Цээж зураг, баримт бичгээ гартаа барьсан куба иргэд ярилцлагын цаг авахын тулд хаалга онгойдог 08:00 цагаас хамаагүй эрт ирдэг. Гадаад руу аялахыг хүссэн иргэд  урилга, ажлын байраа орхин явах зөвшөөрлийн хамт авчирсан байх ёстой. Сургуульд сурч байгаа бол сайдын гарын үсэгтэй бичиг хэрэгтэй. Урилганд 200 доллар төлдөг бол, гадаад руу явах зөвшөөрөл 150 доллар буюу сарын дундаж цалингаас долоо дахин их үнэтэй байдаг. Засгийн газрыг шүүмжлэгчдийн гадаадад зорчих эрхийг хязгаарлаж болно. Эмч, инженер зэрэг өндөр мэргэжлийн хүмүүс ч бас янз бүрийн хязгаарлалттай тулгардаг.

"Миний мэдэж байгаагаар л гадаад руу аялахад янз бүрийн хязгаарлалт, хориг саад тулгардаг цорын ганц улс бол Куба. Ийм зүйл байх ёсгүй" хэмээн гадаад руу зорчих зөвшөөрлөө дахин дөрвөн cap хүлээх хэрэгтэй болсон Ениер дель Прадо өгүүлж байна. Түүний гэр бүл АНУ-д амьдардаг бөгөөд тэд нар дээрээ очихын тулд виз авах хэрэгтэй. Гэвч үүний өмнө Куба улс түүнд эх орноосоо гарах зөвшөөрөл олгох ёстой. "Гадаад руу зорчих процедур хэтэрхий нүсэр, зардал  ихтэй. Би энэ хуулийг зөвшөөрөхгүй байна, эрх баригчид энэ хуулийг цуцлах ёстой" хэмээн Мексикт компьютерийн програмын магистрт сурах найдвар өвөртөлж байгаа Аданай Мартин ярилаа. "Ямар ч байсан хуулийг өөрчлөх талаар ярьж байгаа нь нэг алхам урагшилж байна гэсэн үг" хэмээн тэрээр нэмж хэлэв.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон Коммунист намын их хурлаар Кубын Засгийн газар социалист системийг хадгалан үлдэхэд чиглэгдсэн санаанд оромгүй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдийг зарласан. Хувийн бизнес эрхлэх боломж өргөжиж, орон сууц, автомашин худалдаж, худалдаж авахыг зөвшөөрч, чөлөөтэй аялах, зорчих зарчмыг тунхагласан. Рауль Кастро цагаачлалын бодлогыг өөрчилнө хэмээн жилийн өмнө мэдэгдсэн юм. Учир нь, 1959 оны хувьсгалыг хамгаалж байсан зарим хууль, журам эдүгээ утгаа алдсан хэмээн үзэж байгаа аж. Куба улс хувьсгалын дараахан үндэсний аюулгүй байдлын үүднээс хилээ хааж байсан билээ.

Гаванын Засгийн газар мөн "тархи" алдагдахын эсрэг тэмцсээр байгаа ба үүнд АНУ-ыг буруутгадаг. Вашингтон шилдэг боловсролтой куба иргэдийг янз бүрийн аргаар татаж хувьсгалыг булшлах гэж оролддог хэмээн Куба улс үздэг аж. Цагаачлалын хуульд өөрчлөлт оруулах талаар арван хоёрдугаар сард болсон намын их хурал дээр зарласан юм. Гэвч дараа нь Р.Кастро "Энэ бол их ээдрээтэй сэдэв. Өөрчлөлтийг үе шаттайгаар хийнэ" хэмээн мэдэгджээ. Тиймээс бүхий л "Нүд, чих" өнөөдөр эхэлж буй Үндэсний Ассамблейн чуулган руу чиглээд байна. 50 жил үргэлжилсэн бодлогыг тийм ч хурдан өөрчилж чадахгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

Кубын иргэн гадаадад 11 сараас илүү хугацаагаар байх юм бол Кубад орших суух эрхээ хасуулдаг. Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр, 2010 онд гэхэд л 38 мянга 165 иргэн эх орондоо буцаж ирэх эрхгүй болсон байна. Олон жилийн турш арлыг орхин явж буй хүмүүсийг урвагч, эсвэл хувьсгалын дайсан хэмээн үзсээр ирсэн. Эдүгээ олон куба иргэн эдийн засгийн шалтгааны улмаас явах болсноор энэ үзэл бодол өөрчлөгджээ. Эдүгээ хориг, хязгаарлалтыг зөөлрүүлснээр гадаадад ажиллаж байгаа хүмүүс эх нутаттайгаа харилцаа холбоогоо хадгалж, шинэ мэдлэг, туршлагатай буцан ирж хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулна хэмээн үзэх болов. Цагаачлалын бодлогын шинэчлэл улстөрийн тодорхой бодлого болоогүй нэг жил өнгөрч байгаа ч куба иргэд итгэл найдвар тээн хүлээсээр байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.