Вакцинд бодлого, бэлтгэл, найдвартай ажиллагаа хэрэгтэй
Манай улс 3 дугаар сарын 23-наас Ковид-19 -ын эсрэг вакцинд иргэдээ хамруулахаар төлөвлөж байна. Энэ чухал цаг үед УИХ-ын гишүүн Д.Өнөрболор вакцинжуулалтын талаар доорх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Төр засгаас цар тахлын вакцины асуудалд хамгийн гол нь иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн ажлын арга барилаар, сэтгэл ханамжтай, итгэл найдвар төрүүлэхээр, баталгаатай хандах нь чухал байна. Дэлхийн улс орнууд ч хүний эрх, бусдын эрх, улс орны эрх ашиг энэ бүхнийг харгалзаж төлөвлөгөөтэй, дэс дараатай, уян хатан, шуурхай, найдвартай арга хэмжээ авч байна.
Өнөөдөр дэлхий дахинаа цар тахлын вакцинд хүмүүсээ хамгийн их хамруулсан гурван улсыг Оксфордын Их сургуулийн судалгаагаар АНУ 31 сая 580 мянган хүн, БНХАУ 31 сая 200 мянган хүн, Англи Улс 12 сая 100 мянган хүнээ вакцинжуулсан гэж мэдээлж байна.
Вакцины үнийн хувьд Астра Зенека 4$, Модерна 25-37 $, Пфайзер-Биотех 19 орчим $ , Спутник V 10$ Синовак био-технологи 60$ байна.
Вакцинуудын сайн муу, сөрөг эерэг тухайд олон зүйлийг бичмээргүй байна, гэхдээ үр нөлөө, аюулгүй байдал, сөрөг эерэг талын тухай дэлхийн улс орнуудад гарч буй найдвартай эх сурвалжтай, шинжлэх ухааны мэдээллүүдийг эрдэмтэд судлаачид иргэддээ мэдээлж байх нь зүйтэй болов уу.
Юуны өмнө ЭМЯ, холбогдох судалгааны байгууллагууд зөв мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх ажлыг сайн хийх нь чухал юм. Вакцины ажил тусгай бие даасан нарийвчилсан төлөвлөгөөгөөр, эрүүл мэндийн ажилтнуудын маш нямбай ажиллагаан доор, техникийн нөхцөл дэд бүтцээ урьдчилан бэлтгэсэн бэлтгэлтэй байхыг шаардаж байна.
Жишээ нь БНСУ-ын вакцинжуулалтын төлөвлөгөө одоогоос нэлээн дээр гарсан ба үүнээс харахад сар бүр хийх хүний тоо үүнд эрсдэлт орчны 50 мянган хүнд 2-р сард ямар газар хийх, хэдэн хүнтэй баг ямар цагаар яаж ажиллах, 3-р сард 500,000 хүнд үүнд эмнэлгүүдийн ажилтнууд, тархвар зүйчид багтаж хот орон нутаг аймаг сум багийн төвшинд хийх, 5-р сард 8,500,000 хүнд үүнд өндөр настны төвүүд, асрамжийн газар, орон гэргүй хүмүүс, үйлчилгээний ажилтнууд гэх мэтээр хот, дүүрэг, аймаг сум багаар, 7-р сард ард иргэдийнхээ 70%-д архаг хуучтай, төрийн үйлчилгээний ажилтнууд гэх мэтээр маш нарийн төлөвлөжээ.
Вакцинжуулалтыг эрүүл мэндийн байгууллагууд, төвүүдээр хийхээс гадна явуулын байдлаар хийх нь зөв юм. Итгэмжлэгдсэн эрүүл мэндийн баг, эрүүл мэндийн явуулын баг болгож зохион байгуулж байна.
Газар дээр зохион байгуулах эмч, эрүүл мэндийн ажилтнуудын сургалт, дадлага, зохион байгуулах хот, дүүрэг, хороодын ажилтнуудын сургалт, аймаг сум багийн ажилтнуудын сургалт, практик дадлага, иргэдийн биеэ авч явах, вакцины үеийн ба вакцин хийлгэсний дараах дадал хэвшилд зааварчлага өгөх, ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн асуудал гээд сургалт, зохион байгуулалтын арга хэмжээг цаг алдалгүй авч, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Вакцин нийлүүлэлтийн талаар баримтлах бодлогоо Засгийн газар, Холбогдох яамдууд иргэддээ танилцуулах, байнга мэдээлэлтэй байлгах талаар арга хэмжээ авч байх нь зөв.
Манай улс хэдийгээр хүн амаа вакцинжуулах тал дээр дэд бүтэцтэй, дадал хэвшилтэй нь үнэн ч КОВИД цар тахлын вакцинжуулалт аюулгүй, найдвартай ажиллагаа шаардсан, Үндэсний аюулгүй байдалд хамааралтай чухал арга хэмжээ гэдгийг хаа хаанаа ухамсарлаж, урьдчилсан бэлтгэлээ сайн хангаж ажиллах нь чухал байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn