Халдварын идэвхтэй бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна
Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байна. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг системд ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, зарим үүрэг, чиглэлийг өглөө.
Өнөөдрийн байдлаар /2021.02.12/ нийслэлийн есөн дүүрэгт шинжилгээ авах 87 түр цэг, 191 явуулын багт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Явуулын багийн шинжилгээ авах үйл явцыг камераар шууд хянаж, GPS-ээр байршлыг нь тодорхойлж байгаа юм. Шинжилгээний сорьц тээвэрлэх автомашинуудыг мөн уг технологийн дэвшлээр хянан ажиллаж байна.
Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах хаяг байршлын талаарх гомдол “CallCenter”-т ирсэн нийт дуудлагын 44 хувийг эзэлж байна.
Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдийн дунд үүсээд байгаа ойлгомжгүй мэдээллийг залруулж, үнэн зөв мэдээллээр хангахыг холбогдох албаныханд сануулсан юм.
Тэрбээр “Дүүргүүд шинжилгээ авах газрын хаяг байршлын хуваарь гаргаад Соёлын яамны харьяанд байгуулагдсан Мэдээллийн эрсдлийн хороонд өгч байгаа. Соёлын яамнаас нэгдсэн байдлаар иргэдэд мэдээлэл өгөх ёстой. Гэвч зөрүүтэй мэдээллүүд олон нийтэд хүрээд байна. Иргэдэд ойлгомжгүй байдлаар мэдээллийг хүргэж, чирэгдэл учруулж болохгүй. Тиймээс дүүргүүд шинжилгээ авах цэг, хаяг байршлаа өөрсдөө иргэддээ мэдээллэх хэрэгтэй байна. Дүүргийн удирдлагууд шинжилгээ авах ажиллагааг сайтар зохион байгуулах ёстой. Дүүрэг хороо, иргэдээ сайн мэдэж байгаа учраас шинжилгээ авах ажиллагааг гардан зохион байгуулаад явах ёстой” гэлээ.
Мөн иргэд өрх бүрээс шинжилгээг зэрэг авна гэж ойлгоод шинжилгээ авах цэгүүд дээр очсон тохиолдол бий. Энэ асуудалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тайлбар хийлээ.
Тэрбээр “Эхний ээлжинд буюу хоёрдугаар сарын 11-13-ны хооронд нийслэлийн халдварын идэвхитэй бүс буюу улаан бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна. Харин ногоон бүсэд байгаа буюу үлдсэн айл өрхүүд нь 13-наас хойш шинжилгээнд хамрагдана. Тухайлбал, халдварын идэвхтэй бүсэд байгаа Баянзүрх дүүргийн 28 блокийн 32100 өрхийн иргэд хоёрдугаар сарын 11-13-ны хооронд шинжилгээ өгнө. Бусад дүүргүүд мөн адил эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдээ эхний ээлжинд шинжилгээнд хамруулаад явах юм шүү” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдээс ирсэн гомдол, саналыг тухай бүрт нь яаралтай шийдэхийг холбогдох албаныханд анхаарууллаа. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хөл хорионы үед яаралтай түргэн тусламж болон нийслэлийн төрөх тасгуудад төрсөн эхчүүдийг гэрт нь хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаараа мэдээлэл өглөө.
Тухайлбал, “Өчигдрийн хувьд 56 эх, нярайг түргэн тусламжийн автомашинаар гэрт нь хүргэсэн. Шувуун фабрик руу хоёр эх нярай, Налайх руу нэг эх нярай , бусад нь хотын төвийн дүүргүүд рүү хүргэгдсэн. Нийслэлийн түргэн тусламжийн дуудлага өчигдөр 50 хувиар нэмэгдэж 12 мянга гаруй дуудлага ирсэн. Тухай бүрт нь асуудлыг шийдвэрлэж шуурхай ажиллаж байгаа” гэлээ.
Мөн эмийн сангийн хаяг, байршлын талаарх гомдол өнөөдөр буурсан бөгөөд эмийн сангуудаар үйлчлүүлж байгаа иргэдийн авч байгаа эм, тарианд хяналт тавин ажиллаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 16 чиглэлд 180 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд шинжилгээний багт ажиллаж буй хүмүүст 70 автобус үйлчилж байгаа юм. Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, мэдээллийг түргэн шуурхай өгөхийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт даалгалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазары өдөр бүр 14:00 цагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллах юм.