2012.06.09
Өмнөдийн хэвлэлийнхэнд агаарын цохилт өгнө гэв
Хойд Солонгост нөхцөл байдал ширүүслээ. Саяхан албан ёсоор цөмийн зэвсэгтэй орноор тодорсон тэдний хувьд "Сүрдүүлэгч орон" гэсэн тодорхойлолтыг авсан талаар олон улсын хэвлэлүүд онцолсоор байна.
Цөмийн зэвсэгтэй, ядуу буурай, хаалттай гэсэн ойлголтыг шинэ удирдагч Ким Чен Ун хэзээ өөрчлөх бол гэсэн асуулт Хойд Солонгосын зарим иргэдийн сэтгэл зүрхэнд "бүгдэг" гэв. Залуу удирдагч өөрийн эцгийн үхлээс хойш юу хийж бүтээв. Одоогийн байдлаар ган гачигт нэрвэгдсэн, хоол хүнс тааруу, янз бүрийн цөмийн зэвсгийн сүрдүүлгээр дүүрэн улс болон хувираад буй. Тус улсын төрийн төв хэвлэл болох "Нодон Синмун" сонинд Ким Чен Унийг улс орноо "Мөнхийн ялалтад хүргэх удирдагч" хэмээн магтан дуулж байсан.
Өмнөдийнхөн залуу удирдагчийг эцгийгээ нас барсны дараа арми дотор "цэвэрлэгээ" хийж эхэлсэн талаар мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эцгийн гашуудлын үеэр нэгэн генерал халамцуу байж. Түүнийг оролцуулан нийт цэрэг армийн 30 гаруй дээд удирдлага, дарга нарыг "цэвэрлэсэн" аж.
Мөн армийн зарим дарга нар ор сураггүй алга болсон талаар цохон тэмдэглэсэн байна. Магадгүй түүнийг улс төрийн эргэлтээс сэрэмжилж ийнхүү арга хэмжээ авсан байж болзошгүй гэсэн юм. Ким Чен Ун эцгийгээ нас бармагц төрийн эрх мэдлийг бүрэн атгасан болохыг нэгэн зүйл гэрчилж байна. Энэ нь Ким Чен Ун анхныхаа тушаалыг улсынхаа зэвсэгт хүчинд хандан гаргасан явдал гэнэ.
Тэрбээр эцгийгээ нас барсан тухай олон нийтэд зарлахын өмнө зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлийн хүрээнд бэлтгэл, сургуулилтыг цуцалж байрлалд нь буцаан, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх тушаал гаргасан тухай Өмнөд Солонгосын "Ёнхап" агентлаг мэдээлж байсан. Энэ нь шинэ удирдагч эцгийгээ нас бармагц бүх эрх мэдлийг гартаа авсныг илтгэж буй нэг хэлбэр.
Ким Чен Уны энэхүү тушаал нь төрийн удирдлага солигдох үед ямар нэгэн болзошгүй төрийн эргэлт, мөргөлдөөн, зэвсэгт үйл ажиллагаанаас сэрэмжилсэн алхам хэмээн өмнөдийнхөн таамаглаж байсан. Улс төрийн нөхцөл байдал ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж эхэлсэн бололтой. Ган гачигт нэрвэгдэж, олон улсаас авдаг байсан хүнсний тусламжийг бүр мөсөн хаасан гэх мэт хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй.
Өдөр хоногийг атга будаа, үмх мах, аяга усаар аргацаадаг болсон талаар НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид CNN агентлагаар мэдээлж байсан билээ. Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн нам болон улс орны удирдлагыг хамтын хүчээр удирдах арга барил нь өмнөх удирдагч Ким Чен Ирийн үеэс эхэлсэн гэж ажиглагчид үзсэн. Тэр ч утгаараа Хойд Солонгосын шинэ залуу удирдагч Ким Чен Ун эрх мэдлийг ганцаараа гартаа авахгүй, харин улстөрийн хамтрагчтай болж байгаа гэсэн мэдээлэл гарах болов.
Хамтрагч болох хамгийн магадлал өндөртэй хүн нь түүний нагац ах Чан Сун Тек. Тэрбээр олон жилийн өмнөөс Хойд Солонгосын хүчний байгууллага болон намын удирдлагын аппаратад ажилласаар ирсэн баялаг туршлагатай нэгэн. Хэрэв түүнийг залуу удирдагчийн "дасгалжуулагч" гэж үзэх юм бол хамтын удирдлагын эхлэлийг тавьсан нагац ахын туршлага Ким Чен Унд ч аятайхан түшиг тулгуур болно хэмээн ажиглагчид үзэж байна.
Чан Сун Тек нь одоо 65 настай. Тэрбээр Ким Чен Ирийн эхнэрийх нь ах буюу Ким Чен Унийн нагац ах юм. Товчхондоо Чан Сун Тек нь Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлагын бүтцэд удаан жил ажилласан нэгэн. Мөн прокурор болон цагдаагийн газрын ажил байдалд хяналт тавьдаг байжээ. Түүний ажлын нэг чухал салбар нь дотоодын тагнуулын албаны ажил байв. Тэрбээр 2009 онд улсынхаа удирдлагын гол байгууллага болох Улсын дээд зөвлөлийн үндэсний батлан хамгаалах хорооны гишүүн болсон.
Хойд Солонгосын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд маш их үйл явдлаар дүүрэн байлаа. Цөмийн зэвсгийн туршилт, бэлтгэл ажил, олон улсын шүүмж, эдийн засгийн болон хоол хүнсний хориг, тансаг хэрэглээний хориг, ард түмний өлсгөлөн, шинэ залуу удирдагч гэх мэт олон үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн.
Эх орноосоо урван тэрсэлсэн хүнийг "Ялын дээд хэмжээ өг" гэсэн тушаалыг Ким Чен Ун доод албадууддаа өгсөн талаар өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байсан билээ. Умард Солонгост улс төрийн хэрэгтнүүдийг хорьдог зургаан томоохон лагерь байдаг аж. Ойролцоогоор 200 мянга гаруй хүн тэрс үзэлтэн хэмээн буруутгагдан хоригддог талаар олон улсын хэвлэлүүд онцолдог юм.
Улс төрийн "цэвэрлэгээ"-нээс оргон зугтсан гэх таван хүн тус улсын Хятадтай хил залгаа нутагт хилийн харуулуудын суманд өртөн амиа алдсан талаар Хойд Солонгосын хэвлэлээр гарч байсан. Ямартай ч нөхцөл байдал хурцдаад байгаа тус улсын ирээдүй цөмийн зэвсэгтэй шууд холбоотой. Тэр ч утгаараа аливаа шийдвэр, улс төрийн бодлогод хамгийн их анхаарал хандуулж болгоомжтой байх нь зөв гэсэн дүгнэлтийг олон улсын ажиглагчид цаг үргэлж сануулсаар байна.
Учир нь Хойд Солонгосын Пионерын байгууллага байгуулагдсаны 66 жилийн ойн баярын талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэл шүүмжлэлтэй тойм, тайлбар хийсэн нь тэдний дургүйцлийг ихэд хүргэсэн аж. Тиймээс өмнөдийн гурван сонины редакц, гурван телевизийн суваг болон нэг радио станцад агаараас цохилт өгөх талаар Пёньяаны хэвлэлээр уламжилсан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.