Батлагдаагүй мэдээллийг нийгэмд өгөхгүй байхыг санууллаа
Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж дууслаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ сарын 11-нээс нийслэлд тогтоох Бэлэн байдлын зэргийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотой дүүргүүд болон нийслэлийн харьяа агентлагуудын мэдээллийг сонсож, зарим үүрэг чиглэлийг өгөв.
НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням энэ үеэр нийслэлийн хүнсний хангалт, нөөцийн талаарх мэдээллийг өглөө. Нийслэлийн хэмжээнд хүнсээр хангах 80 сүлжээ дэлгүүр, дүүргүүдийн 151 хүнсний дэлгүүр, 52 зах худалдааны төв, 152 хүнсний үйлдвэр гээд нийт 435 газраас авсан мэдээгээр нийслэл 94 хоногийн махны нөөцтэй байна. Мөн гурил 198, будаа 59, төмс 93, хүнсний ногоо 23 хоногийн нөөцтэй байгаа юм.
Мөн УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгасныг НОБГ-ын дарга дүүргүүдийн Онцгой комиссын удирдлагуудад мэдэгдэж, маргааш энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхаарууллаа.
Хөл хорионы хугацаанд зохион байгуулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний бэлтгэл ажлыг дүүргүүдийн Онцгой комисс хангаж буй бөгөөд, явцын мэдээг мөн танилцуулсан юм. Эндээс харахад Багануур дүүрэг энэхүү ажлыг зохион байгуулах бэлтгэлээ 70 хувьтай хангасан бол, Багахангай 100 хувь, Баянгол 80, Баянзүрх 70, Налайх 90, СХД 90, Сүхбаатар 95, Хан-Уул 85, Чингэлтэй 100 хувьтай хангасан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд өрх бүрээс нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах ажлын бэлтгэл 87 хувьтай байна.
Мөн хөл хорионы хугацаанд ажиллах салбар чиглэлүүд ямар хуваариар ажиллах тухай УОК-ын шийдвэр гараагүй бөгөөд, маргааш болох Засгийн газрын хуралдааны дараа эцэслэгдэнэ гэдгийг НОБГ-ын дарга сануулаад, түүнээс өмнө ямар нэгэн батлагдаагүй мэдээллийг нийгэмд өгөхгүй байхыг онцлов.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: “Нийслэлийн онцгой комисс 1800-1200 дугаарын утсанд CallCenter ажиллуулж, нийт найман сувгаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд цаг үеийн нөхцөл байдал, шийдвэртэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай, ойлгомжтой өгнө. Мөн иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэж ажиллана” гэдгийг танилцууллаа.
Мөн дүүргүүдийн Онцгой комисс маш хариуцлагатай байж, өрх бүрээс нэг иргэнийг заавал шинжилгээнд хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгов.