Цензуртэй улс орнуудын жагсаалтыг гаргажээ
2012.05.04

Цензуртэй улс орнуудын жагсаалтыг гаргажээ

  • Энэ улс ямар ч хууль, шүүхгүйгээр сэтгүүлчдийг удаан хугацаагаар хорьж, төрөл садан болон өмгөөлөгчтэй нь уулзуулдаггүй.
  • Харин Умард Солонгосын 12 том сонин, 20 тогтмол сэтгүүл болон телевиз, радиогийн бүх мэдээ, мэдээллийг зөвхөн төрийн мэдлийн Цахилгаан холбооны төв агентлаг бэлдэж өгдөг.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамгийн чанга цензур тогтоодог дэлхийн улс орнуудын жагсаалтыг Сэтгүүлчдийн хамгаалах хороо

/Committee to Protect Journalists, товчоор CPJ/ өчигдөр зарлалаа.

«CPJ» бол сэтгүүлчдийн эрх ашгийн төлөө тэмцдэг төрийн бус олон улсын байгууллага бөгөөд АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг аж. Тус байгууллагын мэдээлснээр Эритрей, Умард Солонгос, Сири, Иран улс хамгийн чанга цензуртэйгээр тодорчээ.

Дараа нь Экваторын Гвиней, Узбекистан, Бирм, Саудын Араб, Куба, Белорус жагссан байна. Түүнчлэн цензуртэй улсын тоонд Азербайжан, Этиоп, Хятад, Судан, Туркменистан, Вьетнам багтав. «Хэвлэлийн чанга цензуртэй улс орны эдийн засгийн хөгжил саардаг. Жишээлбэл дээр дурдсан 10-ын хоёроос бусад орны нэг хүнд ногдох орлогын хэмжээ нь дэлхийн дунджаас хоёр дахин бага байна. Зарим нь түүнээс ч бага. Харин Саудын Араб, Экваторын Гвиней улсын иргэдийн орлого харьцангуй өндөр ч эдгээр орны баячууд, ядуусын ялгаа асар их» хэмээн “CPJ” тэмдэглэжээ.

Тодруулбал, Эритрей улсад зөвхөн төрийн өмчит хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллах эрхтэй бөгөөд Мэдээллийн сайд Али Абдугийн бүрэн хяналтад оршдог аж. Энэ улс ямар ч хууль, шүүхгүйгээр сэтгүүлчдийг удаан хугацаагаар хорьж, төрөл садан болон өмгөөлөгчтэй нь уулзуулдаггүй.

Ер нь Эритрей улс 2007 оноос хойш гадаадын сэтгүүлчдийг нэвтрүүлэхээ больжээ. Эндхийн элитүүд интернэт ашигладаг, гэхдээ интернэт провайдерууд нь зөвхөн төрийн компаниар дамжин сүлжээнд холбогддог. Эритрей улс түүнчлэн «Арабын хавар»-ын нөлөөнөөс эмээж, гар утасны интернэт нэвтрүүлэхээс татгалзжээ.

Харин Умард Солонгосын 12 том сонин, 20 тогтмол сэтгүүл болон телевиз, радиогийн бүх мэдээ, мэдээллийг зөвхөн төрийн мэдлийн Цахилгаан холбооны төв агентлаг бэлдэж өгдөг. Өндөр албан тушаалтнууд сүлжээнд холбогддог ч ард иргэдийн хувьд хязгаарлагдмал гэнэ. Тус улсад ирсэн гадаадын сэтгүүлчдийг тусгай албаныхан үргэлж дагаж явдаг аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.