Таван минутын дараа оросуудыг бөмбөгдөнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч алиалжээ
2012.04.01

Таван минутын дараа оросуудыг бөмбөгдөнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч алиалжээ

Рональд Рейган АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч
ТОВЧХОН
  • Канадын Ерөнхий сайд Жан Кретьен 1997 оны долоодугаар сард АНУ-ын улстөрчдийн талаар Бельги, Люксембургийн Ерөнхий сайд нартай ярилцжээ.
  • ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин 2006 онд Израилийн Ерөнхий сайд Эхуд Ольмерттэй хамтран хэвлэлийн хурал хийлгэв.
  • Их Британийн Ерөнхий сайд Жон Мейжор 1997 онд Засгийн газрын гишүүдийн талаар сурвалжлагчид ярилцлага өгч байхдаа танхимынхаа гурван сайдыг «өлөгчний хүүхдүүд» гэж нэрлэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Варак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нарын нууц яриа анхных биш, мөн сүүлчийнх ч биш. Обама өмнө нь Францын Ерөнхийлөгч Николя Саркозитой цуг Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг муулж байгаад сэтгүүлчдэд «баригдсан» түүхтэй. Микрофонд зориулаагүй улстөрчдийн нууц ярианы үр дагаврыг урьдаас таашгүй.

АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган 1984 оны наймдугаар сард радиогоор ард түмэндээ хандан мэдэгдэл хийхээр болжээ. Уг мэдэгдлийн сэдэв нь «Төрийн мэдлийн дунд сургуулиуд дээрх шашны байгууллагын хурал» байв.

 

Рейган микрофоны өмнө бэлтгэл хийж байхдаа гэнэт хошигнохоор шийджээ. Тэрбээр «Эрхэм хүндэт эх орон нэгтнүүд минь! Би өнөөдөр Оросыг үүрд устгах тушаалд гарын үсэг зурсан гэдгээ баяртайгаар мэдэгдэж байна. Бид таван минутын дараа бөмбөгдөж эхэлнэ» хэмээн ярьжээ. Гэтэл энэ бичлэг хэвлэл мэдээллийнхний гарт орж, улмаар ЗХУ-ын арми байлдааны бэлэн байдалд орсон байна. Дараа нь Цагаан ордон мэдэгдэл гаргаж, «Манай Ерөнхийлөгч Р.Рейган зүгээр л алиалсан» хэмээн Кремльд итгүүлэх гэж оролджээ.

 

Францын Ерөнхийлөгч Жак Ширак 2005 онд Оросын В.Путин, Германы Г.Шредер нартай хоолны талаар санал бодлоо солилцжээ. Тэрбээр

 

Европын хөдөө аж ахуйд британичуудын оруулсан цорын ганц нэмэр хандив нь үхрийн галзуу өвчин. Ийм муу тогоочдод итгэж болохгүй. Хамгийн муу тогооч нар Англид л байдаг, мэдээж Финляндыг тооцохгүй бол шүү» гэж ярьсан байна. Энэ мэдээ сурвалжлагчдын чихэнд хүрэлгүй яах билээ. Эмзэглэж, гомдсон британичуудын лоббигоор Олон улсын Олимпийн хороо хэд хоногийн дараа 2012 оны Олимпийн наадмыг Парист бус Лондонд хийхээр шийдвэрлэжээ.

 

Их Британийн Ерөнхий сайд Жон Мейжор 1997 онд Засгийн газрын гишүүдийн талаар сурвалжлагчид ярилцлага өгч байхдаа танхимынхаа гурван сайдыг «өлөгчний хүүхдүүд» гэж нэрлэжээ. Учир нь тэд Европын холбоонд элсэхийн эсрэг байр суурьтай байсан аж. Ж.Мейжорын" энэ алдаанаас болж, Консерватив намын доторх уур амьсгал эрс хурцадсан байна.

 

Канадын Ерөнхий сайд Жан Кретьен 1997 оны долоодугаар сард АНУ-ын улстөрчдийн талаар Бельги, Люксембургийн Ерөнхий сайд нартай ярилцжээ.

«Америкчууд өөрсдийн саналаа худалддаг. Хэрэв танай хоёр улсын, мөн манай улстөрчид тэдэн шиг байсан бол бүгд шоронд суух байсан даа» гэж тэрбээр мэдэгдсэн байна. Хаа очиж АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон энэ   яриаг   тайван   хүлээж авсан гэдэг.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жорж У.Буш 2006 оны долоодугаар сард Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйртэй Ливаны дайны талаар шивнэлдэхдээ микрофон асаалттай байгааг анзаарсангүй. Буш «Хамгийн инээдтэй     нь юу гэхээр НҮБ л Сирид дарамт үзүүлж, тэр улсын хүчээр «Хизболла» бүлэглэлийг хоригловол бүх зүйл дуусах юм шүү дээ» хэмээжээ.

 

Сонирхолтой нь Буш энэ үеэр Их Британийн Ерөнхий сайдыг «Хөөе, Блэйр» гэж дуудсан юм байна. Үүнээс болоод Английн хэвлэл мэдээллийнхэн Тони Блэйрийг Бушийн тэжээвэр, аялдан дагалдагч гэж шүүмжлэх болжээ.

 

 

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин 2006 онд Израилийн Ерөнхий сайд Эхуд Ольмерттэй хамтран хэвлэлийн хурал хийлгэв. Хурлын дараа Путин микрофон унтарсан гэж бодоод хүчингийн хэрэгт буруутгагдсан Израилийн Моша Кацавын талаар «Үгүй ээ, мөн чадалтай эр шүү. Бүгд түүнд атаархдаг» гэж Э.Ольмертэд хэлсэн байна.

 

Дараа нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүнийг зөвтгөхийг оролдон, «В.Путин хошигносон юм. Тэр хүчингийн хэргийг огтхон ч сайшаагаагүй. Ер нь орос хэл маш төвөгтэй, заримдаа бүх зүйл үгийн байрлалаас хамаардаг» хэмээжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак  Обама хоёр нүүртэй гэдгийг анх сэтгүүлчид олонд дэлгэжээ. Обама 2011 оны дөрөвдүгээр сард «Катарын эмир Ойрхи Дорнодод  ардчиллыг түгээхийн төлөө идэвхтэй зүтгэдэг. Гэхдээ Катар улс
өөрөө ардчиллын чиглэлд том алхам хийгээгүй» гэж муулсныг нэгэн сурвалжлагч олоод сонсчихжээ. Хамгийн инээдтэй нь Обама энэ мэдэгдлийн өмнөхөн эмиртэй уулзаад, Катарын байр суурийг ихэд магтсан юм байна.

Нийтлэлч
М.Цогзолмаа
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.