Хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд удахгүй мөхнө
2012.02.29

Хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд удахгүй мөхнө

 
  • Мэдээний ийм олон теле суваг, хэвлэлийнхэн яагаад хохирол хүлээж эхлэв?

Орчин үеийн соёл иргэншлийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлгүйгээр төсөөлөх аргагүй. Гэвч сүүлийн үед энэ салбарт эрс өөрчлөлт ажиглагдах болсныг шинжээчид тэмдэглэж байна.


Жишээлбэл АНУ-ын эфирт олон арван жилийн турш 3-хан том мэдээллийн теле сувгийн үдшийн мэдээ ноёрхож ирсэн билээ. Үдэш бүр хэдэн арван сая америкчууд дэлхий ертөнцөд юу болж байгааг мэдэхийн тулд зурагтынхаа өмнө суудаг үе байсан. Гэтэл одоо кабелийн мэдээ тэдгээр телевизийн үзэгчдийн ихэнхийг нь өөртөө татчихлаа. Дээр нь интернэт нэмэгдсэн. Интернэт нь телевизүүд болон кабелийн сувгуудын аль альныг хэрэглэгчдийг өөртөө урвуулсаар байна. Тиймээс удахгүй хүмүүсийн мэдээлэл хүлээн авдаг арга зам бүр өөрчлөгдөх нь ойлгомжтой. Яагаад гэвэл гар утасны болон зөөврийн интернэтийн ачаар хүмүүс мэдээллийг бараг тэр дор нь хүлээн авч байна.


Мөн интернэтэд хүн бүр хүссэн үедээ өөрийн санаа бодлыг илэрхийлж болдог давуу талтай. Гэтэл сонин хэвлэлүүд маргааш нь хүмүүсийн гарт хүрдэг, телевизүүд голдуу оройн мэдээгээр өдрийн тоймыг нэвтрүүлэх жишээтэй. Харин интернэтийн сайтууд маш шуурхай ажилладагийг бид бүгд мэднэ.


АНУ-ын “Pew Internet”, “American Life Project”-ын мэдээлснээс үзэхэд америкчуудын мэдээ, мэдээлэл хүлээн авдаг анхны эх сурвалж ч өөрчлөгдсөөр байна. “Шинэ, содон мэдээгээ хаанаас олж авдаг вэ?” гэсэн хариултад ихэнх америкчууд “Саяхныг хүртэл сонин хэвлэлээс уншдаг байсан. Харин одоо интернэтээс олж мэддэг” хэмээн хариулжээ. ”Pew”-аас гаргасан тайланд “Америкчуудын зөвхөн 17% нь үндэсний хэмжээний сонинуудыг уншиж, мэдээ авдаг. Харин 50% нь орон нутгийнхаа сонин хэвлэлийг уншдаг” гэжээ.


Өнөөдөр энэ нь мэдээжийн, ойлгомжтой зүйл мэт санагдаж байгаа. Гэвч интернэт бий болохоос өмнө хүн амын дийлэнх нь өдөр бүр сонин уншдаг байсан билээ.


Тун удахгүй сонин хэвлэл устаж, хүмүүс бараг бүгдээрээ зөвхөн интернэтээс мэдээлэл авдаг болох төлөвтэй.


Яагаад гэвэл АНУ-д хийсэн судалгаанаас үзэхэд сонин уншдаг хүмүүс голдуу 50-аас дээш настай, эсвэл гар утасгүй гэнэ. Иймээс энэ үеийнхнийг нас барахад сонин хэвлэлийнхэн өөрсдийн ихэнх уншигчийг алдана гэсэн үг. Тэгээд ч орчин үеийн залуус, өсвөр насныхан ямар цаасан хэвлэл нэг их унших биш.


Сонин хэвлэлээс гадна телевизийн салбар ч хэрэглэгчдээ алдсаар байна. Учир нь телевизийн мэдээг мөн л ахмад настнууд голдуу үздэгийг дурдах нь зүйтэй. Тэгэхээр телевиз мөхдөггүй юмаа гэхэд ашиг нь буурсаар байх бололтой. Үүнийг батлах мэт “ABC News” /Australian Broadcasting Corporation/ болон АНУ-ын “CBS News” /Columbia Broadcasting System/ телевизүүд саяхан санхүүгийн ноцтой хүндрэлд орсноо зарлалаа. Мөн АНУ-ын “NBC News” /National Broadcasting Company/ телевизийг ч амжилттай яваа гэж хэлж боломгүй. Тус телевиз удаан хугацааны турш санхүүгийн хүндрэлтэй байдалд байсан. Гэхдээ бүхнээс илүү Австралийн “ABC News” телевизийн мэдээ бүхнийг шоконд оруулжээ. “ABC News” телевиз нийт сурвалжлагчдынхаа 50%-ийг цомхотгож, Вашингтонд байрладгаас бусад бүх салбараа хаахаар төлөвлөж байна.


Мэдээний ийм олон теле суваг, хэвлэлийнхэн яагаад хохирол хүлээж эхлэв? Үүнд олон шалтгаан бий. Эдгээрээс хамгийн гол шалтгаан гэвэл хүмүүс хүссэн үнэнээ дээрх мэдээллийн хэрэгслүүдээс олж мэдэхгүй, сонсохгүй байгаа аж. Улам олон америкчууд “сэрж байна”. Энэ нь дэлхийн бусад орны иргэдэд ч хамаатай. Ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн нь толгойг эргүүлж, төөрөгдүүлж байгааг тэд гэнэт ухамсарлажээ.


Цаасан хэлбэрийн мэдээллийн хэрэгслүүд, түүнчлэн бараг бүх телевиз маш чанга, хатуу хяналтад оршдог нь ил тод болж байна. Хамгийн аюултай нь тэдгээр  мэдээллийн хэрэгслүүд бүх үнэнийг хэлдэггүй гэдгийг ард иргэд ойлгожээ. Худалдагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээ гэж нэрлэж байгаа зүйл нь далд суртал ухуулгаас өөр юу ч биш гэдгийг улам олон хүн ухаарч эхэллээ.


Үнэн юунд оршдог вэ гэхээр сүүлийн жилүүдэд улам олон мэдээллийн хэрэгслүүд гарч ирж байгаа ч корпорациуд, хэсэг бүлэг хүмүүсийн хяналтад байдгууд нь олон түмний итгэлийг алджээ. Итгэлийг нэг л удаа алдсан бол буцааж олох маш хэцүүг бүгд мэднэ.


Тодруулбал “New York Times”, “CNN” зэрэг мэдээллийн хэрэгслүүд бүх мэдээ, мэдээллээ дахин дахин хянаж, цензурдсэний дараа олон нийтэд хүргэдэг нь сүүлийн жилүүдэд улам бүр мэдрэгдэх болсон. Өөрөөр хэлбэл тэд мэдээг ангилж ялган, өөртөө ашигтай хэлбэрээр нийтэд цацдаг гэж хэлж болно. Тэдгээр хэвлэл мэдээлэл тодорхой үзэл суртлын хэм хэмжээг нийгэмд тогтоож, өөрсдийн зорилгыг сурталчилж, өөрт хэрэгтэй өнцгөөр хүргэдэг аж.


Америкийн төдийгүй дэлхийн ард түмэн энэ бүхнээс үнэхээр залхаж байна. Тэгэхээр үндсэн гэгдэж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мөхөл улам ойртсоор байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.